В.Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэж авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-06 19:48:22
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путиныг удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэж авлаа гэж тус улсын Сонуулийн ерөнхий комиссын /СЕК/ тэргүүн  Элла Памфилова  өнөөдөр мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.

В.Путин ирэх сарын 18-нд болох Оросын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа юм. Бие даагчид нь нэр дэвшигчээр бүртгүүлэхийн тулд наад зах нь 300 мянган хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой билээ. Харин В.Путин 314837 хүний гарын үсгийг цуглуулж чадсан байна. Эдгээр гарын үсгээс 60 мянгыг нь шалгаж үзэхэд ердөө 0.39 хувь нь хүчингүй байсан гэнэ.

Одоогоор ОХУ-ын СЕК нь гарын үсэг цуглуулах шаардлагагүй хоёрхон хүнийг, тодруулбал Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин, Либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Владимир Жириновскийг албан ёсоор бүртгэж аваад байгаа аж. Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, парламентад суудалтай улс төрийн намуудаас нэр дэвшигчид нь гарын үсэг цуглуулах шаардлагагүй.

Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа энэ сарын 8-нд дуусна. Үүний дараа нэр дэвшигчдийн нэрсийг саналын хуудсууд дээр бичиж эхлэх ажээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ