“Улаанбаатар өвлийн наадам” олон улсынх болж өргөжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-02-01 14:44:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар өвлийн наадам-2018” ирэх амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд ОХУ, ӨМӨЗО-ны сур  харвааны тамирчид идэр есийн хүйтэнд сум тавьж, нум эвшээлгэн өрсөлдөнө.
Нийслэлийн аялал жуулчлалын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын өвлийн наадам” нь Монголын ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт аяллын төрлүүдийг гадаад, дотоодын зочдод сурталчлан таниулахад ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэлэв.
Энэ удаагийн наадмыг ӨМӨЗО-ны “Одон” телевиз сурвалжлахаас гадна  12 тамирчин зочноор оролцох бол Улан-Үдэ хотын мөсөн харвааны  баг тамирчид цэц мэргэнээ сорино. Мөн энэ үеэр мөсөн сур  сонирхогчдын болон мөсөн шагай харваачдын  УАШ тэмцээн болж шилдгээ тодруулна.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Түрүү жилийн  наадмаар давхардсан тоогоор 10 мянган хүн оролцсон. Энэ удаагийн наадам олон улсынх болж өргөжиж буйгаараа онцлогтой.  Ард иргэдийн дунд олс таталт, гэр бүлийн буухиа тэмцээн, Үндэсний хувцсаар гоёсон  шилдэг хороог шалгаруулна. Урлагийн тоглолт, мөсөн шатар, мөсөн хананд авиралтын тэмцээн зэргийг зохион байгуулахаар  Нийслэлийн биеийн тамирын спортын хороо, Монголын мөсөн сурын холбоо, Монголын үндэсний мөсөн шагайн холбоодтой хамтран бэлтгэл ажлаа базаагаад байна.Наадмын үеэр мэргэжлийн тогоочид 3,5 метрийн диаметртэй  тогоонд  800 хүний цуйван хийж дайлна” гэлээ.
Тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтой. Нийслэлийн иргэдийг хоёр өдөр наадамд өргөнөөр оролцохыг урив.
 
Д.Сарантуяа
 
 
Холбоотой мэдээ