Автозамын туузан хашлага олон талын ач холбогдолтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 21:39:36

Сүхбаатар аймаг болоод ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн төв Баруун-Урт хотын 5 дугаар тойргийн автозам дагуу хамгаалалтын хашлага байгуулсан байна.

Энэхүү хамгаалалтын хашлага нь нэг бүр нь 4 метрийн урттай 2500 ширхэг ган төмрөн туузан бүслүүр бөгөөд нийт 10 км замыг 7 гарц гарган аймгийн төвийг битүү хүрээлж байгаа юм.

Баруун-Урт хот нь 5 тойрог замтай, тойрог замын гадна талаар битүү ногоон модоор хүрээлэгдсэн цэвэрхэн орчин үеийн эко хот болон хөгжихөд дээрх хамгаалалтын хашлага олон талын ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайлбал, аймгийн төвийн тойрог замуудад хяналтын камер бүхий албан ёсны 7 гарц бий болгосноор хууль бус тээвэр болон малын гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, аймгийн төвийг тойрсон олон салаа машины замууд эдгэж, байгаль экологийн тэнцвэр хадгалагдан хотын тоосжилт, орчны бохирдол багасах, хотын төвд мал орж ирэх асуудал бүрэн зогсож, хотын төвийн болон тойрог замын гаднах ногоон байгууламжийн хамгаалалтанд эерэг нөлөө үзүүлэх, тойрог замын гадна талын гарц бүрт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ШТС-уудыг байгуулах бодлого барьж, улмаар хотын төв хэсгүүдэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг шинээр бий болгох зэрэг боломж бүрдэх юм. Энэхүү туузан хашлагын цаашдын ашиглалт хамгаалалтыг “Сүхбаатар-Тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ хариуцан ажиллана.

Б.Энхтуяа

Холбоотой мэдээ