Кабул дахин халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-29 12:46:05
КАБУЛ. /Би-Би-Си/. Афганистаны нийслэл Кабул хот дахь цэргийн академид дэлбэрэлт, буудалцаан болсон тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Маршал Фахимын нэрэмжит Батлан хамгаалахын их сургууль өнөө өглөө үүрээр халдлагад өртсөн байна.

Тус хотод 100 гаруй хүний аминд хүрсэн террорист халдлага болсноос хоёр хоногийн дараа энэ халдлага гарлаа. Өнөөдрийн халдлагыг хэн үйлдсэн, халдлагын үеэр хүн амь үрэгдсэн эсэх нь хараахан тодорхойгүй байна.

Таван сая хүн амтай Кабул хотод сүүлийн үед лалын босогчдын “Талибан” болон “Лалын улс” бүлэглэлийнхэн ойр ойрхон террорист халдлага үйлдсээр байгаа юм.

Дээрх халдлагыг энэ хоёр бүлэглэлийн аль нэг нь үйлдсэн байж магадгүй гэж тус улсын холбогдох албаны хүмүүс сэжиглэж байна.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ