Гамшгийн эрсдлийг бууруулах сэдэвт дэлгэцийн уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-25 15:02:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Азийн сайд нарын бага хурлын нэг чухал хэсэг нь гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагаа байдаг. Тэгвэл 2018 оны 7 дугаар сарын 16-19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын үеэр болох дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг өнөөдрөөс албан ёсоор зарлалаа.

Тус уралдаанд Ази, Номхон далайн бүс нутгийн уран бүтээлчид оролцох боломжтой. Энэхүү уралдаан нь 29 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд энэ удаагийн Азийн сайд нарын бага хурлын үндсэн сэдэв болох “Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь" сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Сэтгүүлч, уран бүтээлч, жирийн иргэн ч Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь "сэдвийн хүрээнд баримтат кино, нийтлэл бэлтгэн уралдаанд оролцож болно. Гамшгийн үр дагаврыг хохирол багатай даван туулсан бусад улс орны  туршлагыг таниулах, гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах дадалд сургах, гамшгийн боловсролыг бүх насны иргэдэд эзэмшүүлэхэд уг уралдааны ач холбогдол оршдог гэдгийг ноднин ОБЕГ-аас сэтгүүлчдэд сургасан сургалтын үеэр  мэдээлж, өмнөх Азийн сайд нарын бага хурлын үеэр байр  эзэлсэн баримтат бүтээлээс үзүүлж байсан юм.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ