Стандарт Хэмжил зүйн газар “Үндэсний чанарын шагнал”-ыг бий болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-20 14:43:14

Стандарчилал хэмжил зүйн газар Европын Холбооноос Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл, МҮХАҮТ хамтран “Үндэсний чанарын чуулган” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 25-нд зохион байгуулах  талаар мэдээлэл хийлээ.

Стандарчилал Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр ярихдаа, “Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Монгол Улсад Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд “Үндэсний чанарын чуулган” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Чанарын форум, үзэсгэлэн, хэлэлцүүлэг, Чанарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг  зохион байгуулна. Олон улсын байгууллагаас нэг стандарт, нэг үнэлгээ, нэг итгэл баталгаажуулна гэсэн зарчим баримталж байгаа. Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг олон улсад нэг сая 200 мянган байгууллага нэвтрүүлсэн. Манай улсад энэ стандартыг 85 байгууллага  нэвтрүүлснээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. Ингэснээр компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортод бүтээгдэхүүн гаргахад томоохон түлхэц болно. Чанар, аюулгүйн өндөр баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Үндэсний чанарын шагнал”-ыг бий болгож байна”гэв.

Анх удаа олгох “Үндэсний чанарын шагнал”-д одоогоор 27 байгууллага материал ирүүлээд байгааг МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа хэллээ. Аж ахуйн нэгж байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэсэн 3 төрлөөр шилдгийн шилдгийг тодруулах бөгөөд нийт 9 байгууллагыг шалгаруулах юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ