Орчуулагч Д.Болдбаатарын "Баруунш зорчсон тэмдэглэл" 3 боть номын нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2018-01-22 17:31:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Номын сангийн ховор ном судрын тасагт өнөөдөр Дорно дахинд түгээд 100 илүү жил болж нэрд гарсан, сүүлийн үед дэлхий дахины өрнийнхнийг ч анхаарлыг татаж олон улс орны хэлээр хэвлэгдээд байгаа Хятадын сонгодог үлгэр "Баруунш зорчсон тэмдэглэл" -ийг монгол хэлээр орчуулан гурван ботиор хэвлэн олны хүртээл болгож буй шинэ номын нээлт боллоо.

Энэхүү номыг манай нэрт орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар орчуулсан юм. Тэрбээр анх БНХАУ-ын бүтээсэн олон ангит киног орчуулан манай хүүхэд, залуус, нас насны үзэгчдийн талархлыг хүлээж өөрөө ч олны танил болсон билээ. Энэ удаагийн ном бүтээсэн онцлог нь манай улсад хадгалагдан байгаа "Баруунш зорчсон тэмдэглэл"-ийн уйгар бичлэгийн судар, монгол аргаар зурсан зургуудаас анх удаа ашиглаж олон нийтэд толилуулж байна.
Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо "Нэрт орчуулагч Д.Болдбаатарын энэ сайхан орчуулгын номыг чимсэн ховор зургийг БСШУЯ-ны зөвшөөрлөөр манай номын санд хадгалж байсан зургуудаас ашигласан. Номынх нь нээлтээр ховор ном судрын тасагтаа зургийн цомгоос 52-ыг нь дээжилсэн үзэсгэлэнг ч бас уншигч, үзэгчиддээ толилуулж байна. Идэр есийн их хүйтнийг сөрөн ирж номын өргөөг дулаацуулж байгаа та бүхэндээ баярлалаа" гэв. Богд хааны ордон музейн ажилтан, өв судлаач, түвдэч Ц.Ням-Осор,
"Хятадын сонгодог үлгэр баруунш зорчсон тэмдэглэл үлгэрийн зургийг дорно дахины зураачид манга, танка, хуажин, гоху гэсэн төрлөөр бүтээсэн байдаг. Манай улсын Богдын болон Чойжин ламын музейд эдгээр зурагтай судрууд хадгалагдан буй.
Монголчууд Хятадын энэ үлгэрийг өөрийн монгол зургийн аргаар зурж уйгар бичигт хөрвүүлэн сударлаад уншиж байсан" гэсэн тайлбар өгөв. Сүүлийн үед Холливудынхан ч энэ үлгэрийг ихэд сонирхох болжээ.
Орчуулагч Д.Болдбаатар 10 жилд багтаан хятадын түүхийн "Гурван улсын түүх", сонгодог зохиолын "Усан хөвөөний шаштир", үлгэр соёлын "Баруунш зорчсон тэмдэглэл" сонгодог бүтээлүүдийг гурав, гурван ботиор орчуулсан их бүтээлийн сорыг монголын уншигч, оюутан, судлаачдад хүртээн, их дээд болон дунд сургууль, номын сангуудын сан хөмрөгийг баяжуулсаар байна.
Энэ онд багтаан хайр дурлалын "Улаан асрын зүүд" гурван ботийг орчуулж дуусган хэвлүүлнэ гэж тэрбээр ярив. Энэ сор их бүтээлийг ийнхүү цогцлон бүтээхэд "Гэгээ" орчуулгын төвийн орчуулагч, ажилтнуудын хувь нэмэр,бүтээлч ажил их тус болсон гэдгийг хэлж байв. Нөр их бүтээлч түүний оюун билэг улам хурцдан, олон уншигчийн оюунлаг ай савыг бялхаах нь дамжиггүй.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ