Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2018-01-20 09:23:33
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, хүйтэн жавартай байхыг Ус цаг уур орчны  шинжилгээний газраас анхааруулав.

Маргааш баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 
Холбоотой мэдээ