“Цодгор хүү”-д оролцох хүүхдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-19 18:25:44
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Шатрын холбоо хамтран өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү-2018” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Хотонт, Эрдэнэбулган, Тариат, Цахир, Ихтамир гэсэн найман сумын 125 хүүхэд 5, 7, 9, 11 хүртэлх гэсэн 4 насны ангилалаар оюун ухаанаа сорьж өрсөлдсөн юм. Арав гаруй жил зохиогдож буй энэхүү тэмцээнд жил ирэх тусам оролцох хүүхдийн тоо нэмэгддэг. Гэхдээ энэ жилийн тэмцээнд оролцсон хүүхдийн тоо цөөрчээ. Учир нь хөдөө сумдын зам хэцүү, цас зудтай байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Тэмцээний тав хүртлэх насны ангилалд Эрдэнэбулган сумын 1-р цэцэрлэгийн Ц.Буянцэцэг, Ихтамир сумын Б.Түвшинтөгс нар, 7 хүртлэх насны ангилалд Эрдэнэбулган сум 3-р сургуулийн сурагч А.Нарантуяа, Өгийнуур сумын У.Есөн-Эрдэнэ нар, 9 хүртлэх насны ангилалд Өгийнуур сумын С.Мөнхбилгүүн, Ихтамир сумын Б.Бат-оргил нар тэргүүн байранд шалгарсан байна.

Тэмцээний 11 хүртлэх насны ангилалд Өлзийт сумын М.Баяржаргалмаа, 3-р сургуулийн С.Баян-Очир нар түрүүлж, эдгээр шатарчид өсвөрийн улсын аварга шалгаруулах “Цодгор хүү-2018” тэмцээнд оролцох эрхээ авчээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ