Шинэ худалдааны төвийг камержуулж, аюулгүй байдлыг хангах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-17 21:45:56
Хөвсгөл /МОНЦАМЭ/ "Шинэ Мөрөн" худалдааны төвийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Л.Ганболд Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Засаг дарга Ц.Гансүх нар өнөөдөр танилцлаа.
Худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцсан Засаг дарга Л.Ганболд захын үйл ажиллагааг яаралтай жигдрүүлэх, иргэдийн аюулгүй үйл ажиллагааг хангах тал дээр анхаарах, ирэх долоо хоногийн дотор захын доторх орчмыг бүрэн камержуулах, дохиолол, хамгаалалтыг сайжруулах үүрэг даалгаварыг худалдааны төвийн удирдлагуудад өглөө.
Тус төвийн үйл ажиллагаа өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн боловч лангуу авсан зарим иргэд бараагаа татаж байна гэсэн нэрийдлээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь захыг жигдрэхэд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Иймээс захад лангуу түрээслэхээр гэрээ хийсэн иргэдийг энэ сарын 20-ы дотор үйл ажиллагаагаа явуулахгүй бол гэрээг цуцалж дараагийн иргэдэд лангууг шилжүүлэх шийдвэрийг энэ үеэр гаргалаа.
"Шинэ Мөрөн" худалдааны төвийн хоёр давхарт 172 иргэн, аж ахуйн нэгж барааны лангуу авсанаас 80 хувь нь тохижилтоо хийж 56 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаагаа эхлээд байгаа ажээ.
 Б.Гантуяа 
Холбоотой мэдээ