Сирийн сөрөг хүчин энхийн хэлэлцээнд бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-20 09:44:11

ВАШИНГТОН. /Sputnik/. Сирид улс төрийн шилжилт хийхэд чиглэсэн энхийн яриа хэлцээнд оролцох төлөөлөгчөө тус улсын сөрөг хүчнийхэн сонгож байгаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлэв.

“Яриа хэлцээ хийх төлөөлөгчөө сөрөг хүчин сонгож буй үе шатанд бид хүрээд байна” гэж тэрбээр АНУ-ын Сенатын тагнуулын хороонд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн байна.

Сирийн хямралыг улс төрийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн цуврал уулзалтуудыг НҮБ-ын ивээл дор олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд орнууд сүүлийн саруудад хийж байсан билээ.

10-14 хоногийн дотор дараагийн уулзалт болохыг Керри тэмдэглэв. “Тэр үед НҮБ талуудыг Женевт хуралдуулж, Сирийн шилжилтийн явцыг эхлүүлэхэд бэлэн” гэж Керри хэлжээ.

Венад болсон 11 дүгээр сарын 14-ний яриа хэлцээний үр дүнд, Сирийн улс төрийн шилжилтийн цагийн дарааллыг тогтоосон бөгөөд 2017 оны 5 дугаар сард Сирид сонгууль шинээр явуулахаар төлөвлөж байна.

Х.Аминаа


 

Холбоотой мэдээ