Ойрхи Дорнод дахь террористуудыг устгахад Иран чухал үүрэгтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-19 14:34:09

ТЕГЕРАН. /IRNA/. Ойрхи Дорнод дахь терроризмтой тэмцэхэд чухал нөлөөтэй орнуудын нэг бол Иран юм гэж Йемен дэх НҮБ-ын тусгай төлөөлөгч Исмаил Ульд Шейх Ахмед мэдэгдэв.

Тэрбээр Араб-Африкийн асуудал хариуцсан Ираны Гадаад хэргийн дэд сайд Хосейн Амир-Абдоллхиантай өчигдөр уулзаж, Йеменд гараад байгаа ахиц дэвшил болон тус улсын хямралд оролцогч талуудын төлөөлөгчидтэй хийсэн зөвлөгөөнийхөө үр дүнгийн талаар хэлэлцэх үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Йемений асуудлаарх хоёрдугаар шатны хэлэлцээ болохын өмнөхөн уг уулзалт болжээ. Йеменд энх тайван, тогтвортой байдал тогтоох Шейх Ахмедын эрчимтэй хүчин чармайлтыг Ираны дипломатч уулзалтын үеэр сайшаагаад, түүний үйл ажиллагаанд бүс нутгийн орнууд хувь нэмрээ оруулж, хоёрдугаар шатны хэлэлцээний үр дүнд бат бөх гэрээ байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Йемений хямралыг цэргийн хүчээр зохицуулах боломжгүй бөгөөд тус улс дахь хүний эрхийн асуудал аюултай түвшинд хүрсэн болохыг найман сар үргэлжилсэн уг хямралд оролцогч гадна болон дотоодын талууд ойлгосон гэж тэрбээр сүүлд хийсэн зөвлөгөөнийхөө талаар тайлбарлав.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ