УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-22 10:16:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаас хасах саналтай байгаагаа хэлсэн.

Үүний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тогтоолыг санаачлагчийн хувиар тайлбар хийв. Тэрбээр, "Өмнө нь мэргэжлийн хяналтаас бичил уурхайнуудыг хааж ирсэн. Гэлээ ч үр дүнгээ өгч байгаагүй. Энэ онд бичил уурхайд 13 хүн амь насаа алдсан байна. Өнөөдөр манай улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байгаа үед уурхайг хааж үйл ажиллагааг нь зогсоох нь чухал биш. Бичил уурхай эрхэлж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, амь насыг нь хамгаалах, уурхайд гарч болзошгүй эрсдлийг бууруулах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Томоохон аж ахуй нэгжүүд нөхөн сэргээлтийг ямар нэг хэмжээгээр хийж байхад бичил уурхайчид огт хийхгүй байна. Байгаль орчинд өнөөдөр хамгийн их хохирол учруулж байгаа бизнес бол бичил уурхай эрхлэгчид байдаг" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамханд, "Өнөөдөр газрын хэвлийн ашигт малтмалыг олборлодог бүхэл бүтэн давхарга бий болсон. Зөвхөн бичил уурхайг ярихын оронд бүх олборлогчдыг хамруулсан байдлаар асуудлыг ярих хэрэгтэй" гэсэн бөгөөд ингээд уг асуудлыг хэлэлцэх асуудлаас хасахаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул эл тогтоолыг өнөөдөртөө хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэв. Үүгээр чуулганы хуралдаан албан ёсоор эхэлж, “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Б.Туул
Холбоотой мэдээ