“Солонго” мэдээллийн төвийн уулзалт Улаанбаатарт болов

ВИДЕО МЭДЭЭ
photo_user@montsame.mn
2017-12-15 13:39:27

Өвөр Монголын “Солонго” мэдээллийн төвийн удирдлагууд Монгол Улсын уншигчид болон хамтран ажилладаг байгууллага, хүмүүстэйгээ Улаанбаатар хотноо жил бүр уулздаг уламжлалынхаа дагуу өнөөдөр Блю скай зочид буудлын “Топаз” танхимд томоохон уулзалт, хүлээн авалт зохион байгууллаа.

Шинэ оныг угтан хийдэг энэхүү уулзалтын энэ удаагийнхад БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Солонго” мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, ОХУ-ын Буриад улсын үндэстний хэвлэх үйлдвэрийн Ерөнхий захирал Логинова Виктория Ивановна болон Элчин сайд Л.Хангай, Олон улс судлаач Д.Баярхүү, Күнзийн институтын Монгол талын захирал М.Чимидцэеэ, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нар оролцлоо. Тэд БНХАУ-ын санаачлагаар хэрэгжиж байгаа “Нэг бүс нэг зам” төсөлд Монгол, Орос, Хятад улс хэрхэн хамтран ажиллаж байгаа, уг төслийн ирээдүйн хөгжилд үзүүлэх цар хүрээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцооны талаар сонирхолтой тоо баримт бүхий мэдээлэл хийсэн юм.

Өдгөөгөөс 25 жилийн өмнө Өвөр Монголын Солонго сэтгүүл анх удаа Монголын уншигчдын гарт ирж байсан бол эдүгээ кирилл бичгээрх сар тутмын  “Солонго” сэтгүүл, “Солонго” сэтгүүлийн АПП, “Солонго”  мэдээллийн цахим хуудас, Солонго гар утасны сайт, Солонго АПП-ын Айпел, Андройд хувилбар, долоо хоног тутмын “Солонго”  сонин, “Солонго” сонины АПП, ви чат мэдээ, микро блог зэргээр хүрээгээ тэлэн “Солонго” мэдээллийн нэгдсэн төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулах болжээ.

Солонго мэдээллийн төв нь ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны удирдлага дор ажилладаг, Хятад болон Өвөр Монголыг Монгол улсад сурталчлах зорилготой хэвлэлийн байгууллага юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд