Бан Ги Мүн айлчлах тухай Умард Солонгосын ГХЯ-нд ямар ч мэдээлэл байхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-18 12:23:10

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Пхеньянд айлчлах талаар Умард Солонгосын Гадаад хэргийн яаманд /ГХЯ/  ямар ч мэдээлэл байхгүй гэж тус улсын гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч Ли Хун Сик “Yonhap” агентлагийн мэдээлэлд тайлбар өгөхдөө мэдэгджээ.

“Бан Ги Мүний Умард Солонгост хийх айлчлалын тухайд би лав юу ч мэдэхгүй” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, “интернэтэд худал мэдээлэл гарч байдагт гайхах зүйл байхгүй”.

НҮБ болон Умард Солонгосын харилцаа сүүлийн үед “тийм ч сайн биш байгаа” гэж Ли Хун Сик цохон тэмдэглэжээ. Юуны өмнө нь, үүнд Ерөнхий Ассамблейгаас жил бүр баталдаг Умард Солонгосын хүний эрхийн байдлын тухай тогтоол нөлөөлж байна гэж дипломатч онцлон дурдсан байна. “НҮБ энэ шударга бус үйлдлээ зогсоох ёстой” гэж Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч хэлсэн байна.

Хэрэв Бан Ги Мүн хэзээ нэг цагт Пхеньянд айлчилбал энэ нь Солонгосын хойгийн байдлыг сайжруулахад,  мөн  Умард Солонгос, НҮБ-ын харилцааг хэвийн болгоход чиглэсэн байх ёстой гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Бан Ги Мүн Умард Солонгосын нийслэл хотод энэ долоо хоногт айлчилна гэж Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг НҮБ-ын эх сурвалжийн мэдээллээс иш татан энэ сарын 16-нд буюу даваа гарагт уламжилсан билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик энэ мэдээллийг нотлоогүй юм. НҮБ энэ мэдээлэлд тайлбар өгөхгүй гэж тэрбээр мэдэгдсэн.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ