“Шонхорууд” тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 20:27:47

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо “Шонхорын гараа” өсвөрийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн ням гарагт боллоо.

15 сумын 160 гаруй хүчтэн 14-15, 16-17, 18-19 гэсэн гурван насны ангиллаар уран мэхийг уралдуулан хүч самбаагаа сорьсноос бага насанд Эрдэнэбулган, Өлзийт, Хайрхан сумын С.Мягмарсүрэн, Д.Эрдэнэчулуун, Б.Түмэннасан нар, дунд насанд Хайрхан, Өгийнуур, Батцэнгэл сумынөсвөрийн бөх Г.Мөнхбаяр, А.Тодмагнай, О.Бат-Эрдэнэ гурав, ахлах насанд, Эрдэнэбулган, Тариат, Батцэнгэл сумын харъяат Б.Сэнгэдорж, А.Батсуурь, Э.Эрдэнэ-Очир нар тус тус эхний гурван байрыг эзлэв.

Багийн дүнгээр Б.Батдэлгэр, Х.Дарханбаатар, н.Баярсайхан багшийн дасгалжуулсан Эрдэнэбулган сумын Тамир багийн Спорт сургуулийн баг тамирчид маглайлж, Батцэнгэл, Хайрхан сумын багууд шөвгөрлөө.

Дашрамд сонирхуулахад, Батцэнгэл сумаас Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, Хайрхан сумаас улсын аварга Чимэд-Очир нар төрөн гарсан.

Соколь” компаний санаачилгаар 2005 оноос уламжлагдан зохион байгуулагдаж буй уг тэмцээн бол үндэсний бөхийн барилдааныг хойч үедээ сурталчлах, Архангай аймгаас төрөн гарсан алдар цуутай бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх зорилготой ажээ. Эрдэнэт хотын “Соколь” компаний нэрэмжит энэхүү тэмцээнийг энэ 2015 оноос Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит болгожээ.                                       

                Архангай аймаг  Л.Булган

Холбоотой мэдээ