Өвөрхангай аймгийн оюутнууд урлагаар өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-08 13:15:49
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын оюутан, залуусаас бүрдсэн “Хөгжлийн Түлхүүр” төрийн бус байгууллагаас оюутнуудын дунд урлагийн бага наадмыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Урлагийн наадам нь гоцлол дуу, гоцлол бүжиг, уран уншлага, язгуур урлаг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг гэсэн зургаар төрлөөр зохиогдож, Өвөрхангай аймгаас СУИС, МУИС, МУБИС, ШУТИС-д суралцаж буй 150 гаруй оюутан залуус 40 гаруй урлагийн үзүүлбэрээр ур чадвар, авъяасаа дайчлан өрсөлдсөн юм. Наадамд идэвхтэй оролцсон шилдэг сумаар Хархорин, хамтлаг бүжгээр Хархорин сумын Шүүдэр хамтлаг, Хамтлаг дуугаар тус сумын Тритон хамтлаг, язгуур урлагаар СУИС-ийн IV курсийн оюутан Т.Лхацамба, уран уншлагаар СУИС-ийн IV курсийн оюутан А.Норжмаа, гоцлол бүжгээр СУИС-ийн IV курсийн оюутан Ш.Оюун-Эрдэнэ, гоцлол дуугаар мөн СУИС-ийн IV курсийн оюутан А.Гасандоо нар тус тус тэргүүн байр эзлэв.
Урлагийн бага наадмыг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд  С.Чинзориг,  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар ивээн тэтгэсэн байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ