Тереза Мей-г хөнөөхөөр завдаж байсан хоёр этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-06 10:32:00
 ЛОНДОН./ТАСС/. Их Британийн аюулаас хамгаалах албаны ажилтнууд тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй-гийн амь насанд халдахаар төлөвлөж байсан хоёр эрэгтэй хүнийг баривчилсан байна. Энэ тухай Английн сөрөг тагнуулын MI-5 албаны дарга Эндрю Паркер мэдэгдсэнийг The Independent сонин иш татан уламжиллаа.
 
Болзошгүй халдлагыг таслан зогсоосон талаар Э.Паркер засгийн газрын танхимд 4-ний өдөр мэдээлэл хийсэн байна.
 
Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр эрэгтэйг өнгөрсөн долоо хоногт Лондон, Бирмингем хотуудад явуулсан терроризмын эсрэг ажиллагааны явцад баривчилсан байна. Сэжигтэн этгээдүүд Даунинг-стрит гудамжинд байрлах Их Британийн Ерөнхий сайдын Тамгын газрын байрны үүдэнд тэсрэх бөмбөг байрлуулж, дараа нь Тереза Мей рүү хутга барин халдахаар төлөвлөсөн байжээ.
 
Баривчлагдсан этгээдүүдийг терроризмтой холбоотой зүйл ангиар буруутгаж, тэдний хэргийг удахгүй шүүх гэж байна.
MI-5 албаны дарга Э.Паркер засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийх үеэрээ “2017 оны хугацаанд үйлдэхээр төлөвлөж байсан 9 террорист халдлагыг таслан зогсоосон” гэдгийг дурджээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ