Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 22.5 тэрбум ам.доллар хэрэгтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-02 13:20:29
НҮБ. /Ройтерс/. 2018 онд хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 22.5 тэрбум ам.доллар хэрэгтэй байна гэж НҮБ мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав. Энэ нь 2017 онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд тус байгуулага дэлхийн улс орнуудаас хүсэж байсан хандиваас 1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлхий дахинд хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй 91 сая гаруй хүнд туслахад зориулан дээрх мөнгийг хандивлахыг тус байгууллага баасан гарагт буюу өчигдөр улс орнуудад уриалсан байна

Зөвхөн Сири болон Йемений хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд л 10 тэрбум гаруй ам.доллар хэрэгтэй байгаа аж.

Африкийн хэд хэдэн орон, тухайлбал Конго, Этиоп, Нигери, Сомали болон Өмнөд Суданы нөхцөл байдал муудаж, хүмүүнлэгийн хямрал улам бүр газар авч буйтай холбоотойгоор ирэх онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүсийн тоо 2017 оныхоос 5 гаруй хувиар өсөх магадлалтай байна гэж НҮБ цохон тэмдэглэжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ