Завхан сумынхан Монгол бахархлын өдрийг өргөн тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 14:28:05

Энэ сарын 12-нд тохиосон Эзэн Чингис хааны мэлмий гийсний 853 жил, Монгол бахархлын баярын өдрийг Увс аймгийн Завхан сумынхан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ.

Үндэснийхээ хувцсаар гоёсон албан байгууллагын хамт олон, ард иргэд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Балдангийн Бадарчийн төв талбайд жагсахад сумын удирдлагууд үг хэлж баярын арга хэмжээг албан ёсоор нээсэн байна. Улмаар морин хуурын аялгуу эгшиглэн, Монгол ардын дуу цангинаж, баруун монгол ардын бий биелгээний цоморлигийг 60 сурагч биелж, урлагийн тоглолт явагдсан байна.

Энэ үеэр сайхан монгол хувцастай гэр бүл шалгаруулах тэмцээн явагдаж, Шарбулаг багийн Ц.Болдсайхан, Д.Ариунаа нар охин Б.Аззаяагийн хамт тэргүүн байранд, Хяргас нуур багийн С.Ганбат, Д.Пүрэвцэцэг нар охин Г.Дэлгэрцэцэгийн хамт дэд байранд, Шарбулаг багийн өндөр настан Ж.Мидэр, Н.Орлом нар шагналт байранд тус тус шалгарчээ. Эдгээр гэр бүлд Завхан сумын Соёлын төвөөс “Бахархалт гэр бүл” өргөмжлөл олгож, мөнгөн шагналаар шагнасан байна. Мөн СТА, дуучин А.Мөнхбат тэргүүн байранд шалгарсан гэр бүлд өөрийн нэрэмжит шагналаа гардуулжээ.

Завхан суманд зохиогдсон тус үйл ажиллагаанд найман настай балчираас наян настай буурал хүртэл оролцож баяр хөөр, бахархал дүүрэн үргэлжилж, сумын ИТХ-аас цол олгох 32 залуу бөхийн барилдааныг зохион явуулсан байна. Энэхүү барилдаанд Монгол Улсын хүчит начин М.Мижиддоржийн өлгий нутгийн залуу бөхчүүд зодоглож, хурд хүч, авхаалж сабаагаа сорин өрсөлдсөнөөс Шарбулаг багийн залуу бөх Б.Алтансүх түрүүлж, сумын Сумын начин цол хүртсэн аж. Харин Айраг нуур багийн залуу бөх Д.Гансүх үзүүрлэж, Шарбулаг багийн залуу бөх Ц.Бат-Өлзий, Хяргас нуур багийн залуу бөх Ц.Галбадрах нар шөвгөрчээ. Тус барилдаанд залуу бөх З.Төрбат, Б.Цагаанбаатар нар уран хурц барилдаан гаргаж үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн байна.

Монгол бахархлын өдрийн бөхийн барилдааныг Завхан сумын удирдлагууд болон аймгийн начин Б.Пүрэвгончиг, С.Хүдэр, Ц.Батсайхан, Сумын заан С.Энхамгалан, сумын начин Б.Янжив, М.Цолмон, Б.Басан, П.Хүрэлсумъяа нарын бөхчүүд, ард иргэд өргөнөөр үзэж сонирхжээ.

  Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ