Завханд бичиг үсэггүй 420 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-28 15:31:10
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт бичиг үсгийн боловсролгүй 9-49 насны 420 иргэн байна. Өнөөдрийн байдлаар эдгээр 24 сумын Насан туршийн боловсрол олгох төвөөр дамжуулан бичиг үсэг сурч байгаа ажээ.
Мөн аймгийн хэмжээнд насан туршийн боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр 556 хүн суралцаж байна. Дашрамд БСШУС-ын сайдын 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/242 тоот тушаалын дагуу насан туршийн боловсролын хүрээнд эзэмшүүлэх таван чиглэлийн боловсролыг 24 сумын 1000 орчим иргэн эзэмшиж байна. Тухайлбал амьдрах ухааны боловсрол, гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол -экологи, эдийн засаг, улс төр, эрх зүй,  ёс суртахуун-төлөвшлийн боловсрол–авьяас чадвар нээх, мэргэжил сонгох, эрүүл мэнд, гоо зүй-мэдрэмжийн боловсролыг эзэмшиж байгаа талаар аймгийн БСУГ-ын Насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Уртнасан мэдээлэв.  
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ