Еврогийн бүсээс гарах өргөх бичигт 50 мянган гарын үсэг зуржээ

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-16 11:43:23

ХЕЛЬСИНКИ. /Sputnik/. Финланд еврогийн бүсээс гарах өргөх бичигт 50 мянган хүн гарын үсэг зурсан учир уг асуудлыг тус улсын парламентад хэлэлцэх гэж байна.

Ахмад улс төрч, Финландын парламентын гишүүн Пааво Вайринен уг өргөх бичгийг  санаачилсан юм. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Төвийн намаас нэр дэвшиж, Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайдын алба хашиж байжээ.  

Үүсгэн байгуулагч гишүүнээр нь тооцогддог Финланд улс еврогийн бүсийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уг өргөх бичигт Засгийн газраас хүсчээ. 1998 онд нэг мөнгөн дэвсгэртэд шилжихээр Финландын парламент шийдэж, 1860 оноос хойш хэрэглэсэн үндэсний мөнгөн дэвсгэрт марккаг дараа жил нь еврогоор сольсон юм.

"1998 онд парламентад өргөн барьсан шигээр еврогийн бүс хөгжсөнгүй. Еврогийн бүсэд харьяалагдсанаар Финланд улсад санхүүгийн алдагдал гарч, ажилгүйдэл ихэсч, Засгийн газар алдагдалд орлоо” гэж “Европын иргэдийн санаачлага”-д бичжээ.

Цаасаар болон цахимаар зурж болох гарын үсэг цуглуулах ажлаа Вайринен үргэлжлүүлж байна.

Гарын үсгийг Финландын Хүн амын бүртгэлийн төвд шалгаж буй бөгөөд дараа нь уг санаачилгыг парламентад шилжүүлнэ.  

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ