Он гарсаар 16 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-13 21:18:17
Хэнтий /МОНЦАМЭ/. Өсвөр насны хүүхдүүд нэгэндээ уруу татагдаж, аливаа гэмт хэрэг, зөрчил үйлдэх, улмаар гэмт хэрэг, зөрчлийн золиос болж байна.
Хэнтий аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар найман гэмт хэрэгт 16 хүүхэд холбогдон шалгагджээ. Мөн захиргааны зөрчил 19 бүртгэгдэж, 29 хүүхэд холбогдсон талаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Хүүхдүүд ихэвчлэн хулгай, бусдын эд хөрөнгийг устгах, бусдад гэмтэл, гэм хохирол учруулсан зэрэг хэргүүдийг үйлдэж, шүүхээр таслагдан, хуулийн дагуу насанд хүрээгүй учраас ял шийтгэл эдлэлгүй эцэг эхийн хараа хяналт сайжруулах, засрал хүмүүжлийн арга хэмжээ авагдсан байна.

Саяхны нэгэн жишээ дурдахад Хэнтий аймгийн төвийн сургуулийн хэсэг бүлэг сурагчид сагсны шийдэн дээр тоглож байгаад танилцаж, танилцсанаа тэмдэглэн нэгнийхээ эзгүй гэрт очиж архи согтууруулах ундаа хэрэглэжээ. Ингээд дахин архи олж уухаар ярилцаж, нэг нь эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөн хамт архи уусан найзынхаа аавынх нь машиныг жолоодож яваад авто тээврийн осол гаргаж, цагдаад баригдсан аж.

Цахим гэмт хэрэг үйлддэг, хар тамхи мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэдэг, хууль бус хөдөлмөр эрхэлдэг, сургуулиас завсардсан хүүхдүүд л олонх тохиолдолд гэмт хэрэгт холбогддог гэсэн судалгаа бий.

Тэгвэл сүүлийн үед дутагдаж, гачигдах зүйлгүй, хайр халамжаар дүүрэн амьдралтай ч "буруу эрхэлсэн" хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь ихэсчээ. Иймд эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдийнхээ хэнтэй найзалж, хаагуур юу хийдэг, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг, цахим тоглоом тоглодог эсэх, зурагт, интэрнетээр юу үзэж дуурайж байгаа, шөнө оройн цагаар гадуур тэнэж байгаа эсэх, архи, тамхи хэрэглэдэг зэрэгт анхаарал хандуулж байхыг хуулийн байгууллагынхан зөвлөж байна.

Түүнчлэн нэг тоо баримт дурдахад 2017 оны 10 дугаар сарын байдлаар насанд хүрэгчдийн хайхрамжгүй байдал, буруутай үйл ажиллагаанаас болж 11 хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж хохирчээ. Мөн жолооч нарын болгоомжгүй байдал болон эцэг эхийн хараа хяналт сулаас болж, бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөөр байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ