Нью-Йорк Таймс: Хэрвээ Октябрийн хувьсгал ялаагүй бол...

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-11-08 12:20:11
Одоогоос яг 100 жилийн өмнө Лениний зохион байгуулсан Октябрийн хувьсгал нь өнөөг хүртэл учир холбогдлоо алдаагүй байгаа бөгөөд Зөвлөлтийн коммунист дэглэм нуран унах үед тэрхүү хувьсгалын ач холбогдлын талаар бодох сөхөөтэй хүн алга байлаа.
 
Марксизм-ленинизм нь эрчимтэй хөгжиж буй их гүрэн болох Хятадын хувьд хөдөлгөгч хүч болж байгаа бол уг үзэл суртал нь Куба, Венесуэль хоёрыг сүйрүүлж байна. Үүний сацуу цөмийн зэвсэгтэй, ленинист хаант засаглал бүхий Умард Солонгос дэлхийн дахиныг айлган заналхийлж байна. Хамгийн гайхалтай нь гэвэл, ардчилсан Их Британи улсад коммунизм сэргэн мандалтын үедээ байгаа бөгөөд тус улсын хоёр гол намын нэгийг нь удирддаг, хамгийн радикал үзэлт улстөрч болох ленинч үзэлт Жереми Корбин засгийн эрхийг авахаар итгэлтэйгээр урагшлан тэмүүлж байна.   
 
Үүний зэрэгцээ Лениний баримталж байсан тактик ч дахин сэргэж байна. Тэрбээр бусдыг ховх цохин зайлуулах өршөөлгүй тоглоомын их мастер байсан бөгөөд “хэн нь хэнийгээ вэ” гэдэг үгээр үүнийгээ илэрхийлдэг байлаа. Ерөнхийлөгч Трамп бол зарим талаараа барууны үзэлтнүүдийн шинэ большевизмын илрэл бөгөөд большевизм нь "зорилго нь аргаа зөвтгөнө, худал хуурмаг, гүтгэлэг бол байж болох тактик мөн" гэж заадаг. Лениний хэлснээр “хэрэг болохоор тэнэгүүд”-ийг үүндээ ашигладаг. Трампын сонгуулийн кампанит ажлын гол стратегич болох Стив Бэннон нэгэн удаа “би ленинч үзэлтэн” сайрхаж байв.   
 
Октябрийн хувьсгалаас хойш 100 жил өнгөрсөн  хэдий ч тэр үеийн үйл явдал хүмүүст нөлөөлж, тэднийг зоригжуулсан хэвээр байна. Энэ хувьсгал үлгэр домгийн адилаар хүмүүсийн сэтгэлийг ховсдон татах нигууртай мэт санагдана. Түүний учир холбогдол, үр дагавар нь үлэмж их хэвээр байгаа учраас "ийм хувьсгал гарах ёсгүй байсан" гэж өдгөө төсөөлөхөд ч бэрх ажгуу. 
 
Гэсэн хэдий ч хувьсгал гарахгүй байх магадлал байжээ.
 
Большевик хувьсгал нь зайлшгүй гарах ёстой зүйл биш байсан. 1917 он гэхэд Романовыхны хаант засаглал байр сууриа эрчимтэй алдаж байсан хэдий ч хэрвээ Оросын хаад шинэчлэл хийх олон боломжуудыг алдалгүй ашигласан  бол өөрсдийгөө аврах боломжтой байлаа.  Европт хаант засаглалыг тогтоосон османууд, габсбургууд Дэлхийн I дайнд ялагдсаны улмаас нуран унасан билээ. Нуран унах аюул Романовынханд тулгарч байсан уу? Хэрвээ тэд 1918 оны 11 дүгээр сарын ялалт хүртэл ганцхан жил тэсч тогтсон бол?

1913 онд гэхэд Цагаан хааны нууц цагдаагийн газар сөрөг хүчнийг хөөн тарааж, даран устгачихаад байлаа. Хааныг ширээнээс нь буулгахын өмнөхөн Ленин эхнэртээ ярихдаа “хувьсгал гэдгийг бид энэ насандаа үзэхгүй юм байна даа” гэж байсан аж. Эцсийн дүндээ энэ хувьсгал нь эмх замбараагүй, аяндаа гарсан ард олны бослого ба армийг хамарсан хямралын үр дагавар болон дэгдсэнээр Николайг хаан ширээнээс нь түлхэн унагасан билээ. Уг үйл явдал болж байх үед Ленин Цюрихт, Троцкий Нью-Йоркт, Сталин Сибирьт явж байв.

Ленин эхэндээ энэ бүхнийг хоосон зохиомол санаа гэж бодож байлаа. Оросыг дайнаас гаргахын тулд Герман улс  өөрийг ашигласан явдал нь Ленинд аз болжээ. Петроградад буцаж ирсэн Лениний хувьд Түр засгийн газартай хамтран ажиллахыг уриалж буй төөрч будилсан большевикуудыг Троцкий, Сталин нарын радикал үзэлтнүүдийн тусламжтайгаар өөртөө татан захирч, төрийн эргэлт хийх төлөвлөгөөгөө тэднээр хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй байлаа. Харин засгийн газрын хувьд Ленинийг олж хөнөөх ёстой байсан боловч үүнийг хийж чадаагүй юм. Ингэснээр Ленин яллаа.
 
Ард олны ялалт болгон үзүүлдэг Өвлийн ордон руу хийсэн дайралт нь үнэн хэрэгтээ бол ямар ч дайралт байгаагүй юм. Засгийн газрын гол байруудыг эзлэн авахад хэдэн өдөр зарцууллаа гэж Ленин хилэгнэн уурлаж байв. Гэтэл Өвлийн ордныг цэргийн сургуулийн сонсогч хүүхдүүд хамгаалж байсан бөгөөд большевикууд нээлттэй байсан цонхоор ороод ордныг эзлэн авсан билээ. 


Октябрийн хувьсгал нь тухайн цаг үед болж байсан олон хувьсгалуудын нэгэн адилаар завсрын богинохон үед болсон ердийн нэгэн үйл явдал байх байлаа. Цагаантны армийн зохион байгуулалттай дайралт эсвэл барууны орнуудын зэвсэгт хүчин хөндлөнгөөс оролцсон бол большевикуудыг маш хурдан цохин зайлуулж болох байв. Бүх зүйл зөвхөн Ленинээс хамаарч байлаа. Эвсэл дэх Лениний хамтрагчид нь үймээн гаргаснаар түүнийг бараг л түлхэн унагачихаад байсан боловч тэрбээр үзэл суртлын тэчьяадал, өршөөлгүй прагматизм, цуст харгислал ба дарангуйлал тогтоох гэсэн эрмэлзлийнхээ хүчинд тэсч тогтож чадсан юм. Зарим талаар түүнд аз тохиосон гэж хэлж болно. 1918 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Москвагийн үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэлж байхад нь түүн рүү буудсан боловч гайхамшигтай азтай тохиолдлоор тэрбээр амьд гарч чадлаа.  
 
Дээрх үйл явдлуудын аль нэг нь Лениний төлөвлөгөөг тасалдуулсан бол бидний өнөөгийн амьдрал эрс өөр байх байлаа. Ленин байхгүй байсан бол Гитлер байхгүй байх байсан. Германы газар нутагт большевик хувьсгал давтагдах вий гэхээс эмээсэн консерватив үзэлт дээд зиндааныхан Гитлерийг дэмжсэн нь түүнийг мандан цойлоход нөлөөлсөн билээ. Зөвхөн Гитлер л марксизмыг устгаж чадна гэж тэд үзэж байв. Гитлерийн радикал үзэл баримтлалын элементүүд ч гэсэн мөн адил Лениний хувьсгалын аюулыг сөрөн зогсох нь чухал болохыг нотолж байлаа. Түүний антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзэл, “Дорно дахинд амьдралын орон зай” бий болгоход чиглэсэн славян үндэстний эсрэг төлөвлөгөө, ялангуяа 1941 онд ЗХУ-д халдан довтолсон явдлыг дээдсийн хүрээнийхэн болон ард олон дэмжсэн юм. Нацистуудын “еврейн большевизм” гэж нэрлэж буй зүйлээс ард иргэд ихэд айж байлаа.  
 
1917 оны Оросын хувьсгал гараагүйсэн бол Гитлер хоног төөрүүлэх газруудын нэгэнд ил захидлын зураг зураад бүхий л амьдралаа өнгөрөөх байсан болов уу. Ленингүйгээр, Гитлергүйгээр 20 дугаар зуун төсөөлөхийн аргагүй өөр байх байлаа. Бидний мэдэх газарзүйн байдал ч өөр байх байв.
 
Дорно дахин ч, Өрнө дахин ч тэс ондоо байх байлаа. 1940-өөд оны үед ЗХУ-аас асар их хэмжээний тусламж авч байсан Мао Хятадыг эзлэн авч чадахгүй байх байсан. Чан Кайшигийн гэр бүлийнхэн өнөөг хүртэл тус улсыг захирч байх байсан болов уу. Кубын уулс, Вьетнамын халуун орны шигүү ойг донсолгон зоригжуулж байсан тэрхүү үзэл санаа хэзээ ч тэдгээр газарт дэлгэрэхгүй байлаа. Сталиныг дууриахыг оролддог Ким Жөн Ун ч байхгүй байх байв. Хүйтэн дайн ч дэгдэхгүй байх байлаа. Нөлөөллөө тогтоох, засгийн эрхийг авахын төлөөх тэмцэл хэдийгээр дээрхээс дутахааргүй ширүүн боловч арай өөр хэлбэртэй байх байсан болов уу.
 
Оросын хувьсгал нь даян дэлхийн хүн ардын урам зоригийг сэргээн дайчилсан юм. Энэхүү урам зориг бол марксизм-ленинизмд тулгуурлаж, мессианы сургаалын бадрангуйгаар тэжээгдсэн урам зориг юм.  Энэхүү зориг бадрангуй нь хүн төрөлхтний түүхэнд Авраамын гурван шашны дараа орохоор хамгийн догшин ширүүн тэсрэлт болсон билээ.   
 
Сайн үйлс бүтээх гэсэн үзэл суртал нь хэрцгий балмад явдлыг зөвтгөх шалтгаан болж байв. Робеспьерийн харгислалын үеийн цэвэрлэгээг большевикууд шагшин магтана. Аллагагүй хувьсгал гэдэг бол ямар ч учир утгагүй зүйл гэж Ленин үзэж байв. Түүхэнд анх удаагаа мэргэжлийн хувьсгалчдыг төрүүлж, анхны цагдаагийн улсыг байгуулж, хувьсгалын эсэргүү хүчнийг дарах ангийн дайныг явуулахын тулд орчин үеийн түүхэнд анх удаагаа бүх нийтийн дайчилгааг большевикууд зарлаж байлаа. Большевизм нь ертөнцийг үзэх үзэл, өвөрмөц соёл болон хувирч, марксист үзэл сурталд тулгуурласан аливааг үл тэвчих параноид хэлбэрийн ертөнцийг үзэх мэдрэмжээр тодорхойлогдож байсан юм. Энэ нь зөвхөн Ленин, Сталин нарын хувьд төдийгүй Мао, Пол Пот, Менгисту Хайле Мариам нарын  хувьд бодитой хийгээд болзошгүй бүхий л дайснуудаа бөөнөөр нь хядан хөнөөх явдлыг зөвтгөх шалтгаан болж байв. Энэ нь хөдөлмөрийн лагериуд, эдийн засгийн хямралууд, аймшигт сэтгэлийн шархыг бий болгох эх үндсийг тавьсан юм. Энэ үйл явдал нь олон жилийн тэртээ болсон учраас түүний аймшигт үр дагавар нь ой ухаанаас хэдийн арчигдаж, түүх бараг мартагджээ. Харин өдгөө хувьсгалын үзэл санаа дахин сэргэж, либерал капитализмд сэтгэл дундуур хандах болсон залуу сонгогчдод халдварлаж байна.  

Түүнээс гадна, өдгөө ЗХУ-ыг залгамжлагч болох Орос улс гэж бий. Ерөнхийлөгч Владимир Путины засаглалын үндэс суурь нь Ленин, Сталин нарын нууц цагдаагийн газрыг залгамжлагчид болох  КГБ-ын хуучин ажилтнуудын дэмжлэг юм. Ноён Путин болон түүний дэглэм нь “хуйвалдах”, “худал мэдээлэл тараах”-ад чиглэсэн Лениний тактикийг өвлөн авсан нь орчин үеийн технологид өөлөхийн аргагүйгээр тааран зохицож байна. Америкчууд интернэтийг зохион бүтээсэн, гэхдээ тэд үүнийг мөнгө олох арга эсвэл эрх чөлөөг олох шидэт хэрэгсэл гэж үзэж байсан юм. Харин Ленинизмийн увайгүй үзлээр хүмүүжсэн оросууд Америкийн ардчиллын үндэс суурийг бусниулахад интернэтийг ашиглалаа. 

Ноён Путин ЗХУ задран унасан явдлыг “20 дугаар зууны хамгийн том геополитикийн сүйрэл” гэж нэрлэсэн. Харин Ленинийг тэрбээр тодорхойлохдоо “Романовынхнаас Николай II хүртэлх ба Сталины үеийн ЗХУ гэсэн үндэсний цог жавхлан, сэргэн мандалтын хоёр эриний дундуур дэгдсэн эмх замбараагүй байдалд хөтлөгч ” хэмээн үздэг. 

Ноён Путин өөрийгөө хаан мэт өргөмжилдөг ба бусад бүх хаадын нэгэн адилаар хувьсгалаас хамгийн ихээр айдаг. Чухамхүү ийм учраас Путины Оросын үзэл суртлын гол домог бол нацист Германыг ялсан ялалт бөгөөд 1917 оны большевик хувьсгал бол огт биш юм. Хувь заяаны тохуурхал үүнд л оршино. Өрнөдөд энэ хувьсгалыг эртнээс судалж байхад Оросод ийм үйл явдал, хувьсгал огт болоогүй мэт дүр эсгэж байна. Улаан талбай дахь мавзолейгаас Лениний инээх цуурай одоог хүртэл сонсогдох бөгөөд учир нь ийм муу санаа агуулсан  улс төрийн тооцоо нь түүнд таалагдаж буй нь лавтай.
 
Нийтлэлийг бичсэн Саймон Себаг Монтефиоре /Simon Sebag Montefiore/ бол “Романовынхан”, “Сталин: Улаан хааны шүүх” зэрэг номуудыг бичсэн хүн бөгөөд Октябрийн хувьсгалын тухай “Улаантны зуун” гэдэг цувралдаа оруулсан "Хэрвээ Оросын хувьсгал огт гараагүй байсан бол юу болох байсан бэ?" гэдэг нэртэй /What if the Russian Revolution had never happened?/ энэхүү нийтлэлийг нь орчуулан хүргэлээ.
 
Б.Адъяахүү   

Эх сурвалж: https://www.nytimes.com/2017/11/06/opinion/russian-revolution-october.html
Холбоотой мэдээ