Ши Жиньпин дахин 10-н жил Хятад улсыг удирдаж магадгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-11-03 11:34:10
Бээжин /МОНЦАМЭ/. Дэлхийн хамгийн том улс төрийн нам болох ХКН-ын 19-р Их хурал өндөрлөөд удаагүй байна. ХКН нь нийт 89 сая гаруй гишүүнтэй, БНХАУ-ыг удирддаг гол улс төрийн хүчин юм.  
Энэ удаагийн Их хурлаар дараагийн ХКН-ын ЕНБД буюу БНХАУ-ын дарга тодорно  хэмээх хүлээлт нэлээдгүй байсан. Гэвч сүүлийн 30-аад жил ХКН-д тохиолдоогүй, дараагийн удирдагч тодорхой бус хурал боллоо хэмээн Английн “Financial Times” сонин онцолжээ. 
1992 онд  Зянь Зэминийг залгамжлагч Ху Жинтао, 2007 онд  Ху Жинтаог залгамжлах магадлалтай хүнээр Ши Жиньпин хэмээн нэрлэж байсанчлан Хятадын удирдагч болох магадлал бүхий хүн өмнөх Их хурлын үеэр тодордог. Мөн өмнөх удаагийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд дундаас сонгодог уламжлалтай. Ингэхийн тулд УТТ-ны Байнгын хорооны гишүүдийн нэг нь 55-аас доош настай байх учиртай. Учир нь ХКН 2002 онд 68-аас дээш насны хүнийг УТТ-ны Байнгын хорооны гишүүнээр сонгохгүй гэсэн албан бус дүрэм гаргаж байсан. Гэтэл энэ удаагийн хурлаар 60-67 насны долоон эрхэм сонгогдсон.
Энэ нь тэдний дунд дараагийн “залгамжлагч” байхгүй, Ши Жиньпин дахин 10-н жил Хятад улсыг удирдах магадлал улам бүр нэмэгдэж байна хэмээн үзэж байгаа юм.
2022 онд болох ХКН-ын Их хурлаар Ши Жиньпин 69 настай байна. Насны хувьд тэрээр 68-аас дээш настай байх авч, тэрээр 2012 онд НТХ-ны Сахилга батыг хянан шалгах газрын даргаар 69 настай Ван Чишанийг томилсон нь зүгээр нэг тохиолдол байгаагүй бололтой.  
Харин Ши Жиньпинд тулгарч буй гол асуудал нь Хятадын “Үндсэн хууль”-д зааснаар нэг хүн дээд тал нь хоёр удаа БНХАУ-ын даргаар сонгогдох гэсэн заалт юм.
Түүний хувьд Хятадын ард түмний дунд нэлээд нэр хүндтэй байгаа төдийгүй 19 дүгээр Их хурлаар өөрийн “үзэл санаа”-г намын дүрэмдээ тусгаж чадсан нь Мао Зэдун, Дэн Сяопин нарын араас орж буй гурав дахь хүчирхэг удирдагч гэдэг баталгаа нь болж байна.
А.Анхбаяр   
Холбоотой мэдээ