Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-30 17:57:25
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд багийн Иргэдийн нйитийн хура /ИНХ/-ын дарга, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нарыг хоёр өдрийн сургалтанд хамруулж байна.
Өнөөдөр эхэлсэн уг сургалтад төлөөллийн байгууллагын 128 хүн хуулиудад заасан үндсэн чиг үүргийнхээ талаар ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлж байна. Сургалтад Швейцарийн хөгжлийн агентлагийн захирал Габриела Спирли, НҮБХХ-ийн дэд суурин төлөөлөгч Даниела Гаспарикова нар оролцож байгаа юм.
Сургалтын талаар аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “Иргэдээс сонгогдон Төлөөлөгч болох нэг хэрэг. Төлөөлөгч болсон хойноо “Би юу хийх ёстой, ямар үүрэг, хариуцлагатай юм бэ?” гэдгийг бүрэн мэдэхгүйгээс болоод цаг хугацааг ач холбогдол багатай өнгөрүүлэх тохиолдол байна. Тэгэхээр сонгуулийн бүрэн эрхийн хугацааны эхний жилд нь багтаад эрх, үүрэг, ажиллах зарчмыг нь ойлгуулж өгснөөр төлөөллийн байгууллагын чадавх сайжирч байгаа юм” гэлээ. Уг төсөл 2012 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2020 онд дуусна. Энэ хугацаанд төлөөлөгчдийг чадавхжуулах сургагч багш нарыг бэлтгэж байгаа бөгөөд сургалтыг цаашид тогтмол үргэлжлүүлэх нөөц боломжтой гэдгийг онцлов.
Төслийн зохицуулагч Г.Золжаргал “Улс, орон нутгийн сонгуулийн дараа иргэдийг төлөөлөх Төлөөлөгчдийн 60 орчим хувь нь шинэчлэгддэг гэсэн тоон мэдээлэл бидэнд бий. 2016 онд сум, аймаг, дүүргийн ИТХ-д 8100 төлөөлөгч сонгогдсоноос 57 хувь нь шинэ хүн байна. Багийн ИНХ-ын 1610 даргаас 76 хувь нь шинэ хүмүүс байна. Тэгэхээр ИТХ-ын Төлөөлөгчдөд чиг үүргийнх нь тухай мэдлэг, мэдээллийг зайлшгүй олгох шаардлагатай болж байгаа юм” гэв.
Аймгийн ИТХ-аас УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2016 онд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг, 2017 оны эхэнд сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг тус тус сургалтад хамруулсан бөгөөд энэ удаа багийн ИНХ-ын дарга, сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар сургалтад сууснаар аймгийн хэмжээнд төлөөлөгчдөө бүрэн чадавхжуулаад байгаа аж.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ