Татварын зарим орлого тасрах магадлалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-29 16:51:13
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд Өвөрхангай аймаг 12 тэрбум 285 сая төгрөгийн татварын орлогыг улсад бүрдүүлж өгөх ёстойгоос 9,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын орлого 78 хувийн гүйцэтгэлтэй байна.
Орлогын төлөвлөлт, эдийн засгийн нөхцөл байдал, орон нутгийн онцлогтой холбоотойгоор татварын зарим орлого тасраад байгааг аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэсувд хэллээ. Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын татвар буюу суутганаас 6,4 тэрбум төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэй ч 10 сар хүртэлх байдлаар 4,6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөөд байна. Төсвийн байгууллагын цалингийн санхүүжилт дутуу ирж байгаа учир томоохон байгууллагуудад суутганы өр үүсээд байгаа аж.
Мөн 12 дугаар сарын 1-нд төлж дуусгах ёстой Галт зэвсгийн татвар, хураамжинд ард иргэд хойрго хандаж байгаа гэнэ. Учир нь буу эзэмшигчид жилд 3-6 мянган төгрөгийн албан татвар төлдөг байсан бол энэ онд мөнгөний хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн 30-60 мянган төгрөгийн татвартай болгожээ.
Сумдын татварын орлогоос түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрт 77 сая төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэй ч одоогоор 17 сая төгрөгийн биелэлттэй байна. Өвөрхангай аймгийн хувьд энэ төрлийн татвар нь барилгын элс, хайргаас бүрддэг бөгөөд сүүлийн хоёр жилийн байдлаар барилга, орон сууц барих ажил эрс багассан нь татварын орлого тасалдахад хүргэж байгаа юм.
“Эдгээрээс бусад төрлийн татвар хэвийн хэмжээнд орж байгаа. Оны эхний гурван улирлын байдлаар татварын орлого 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг хэвийн гэж бид үзэж байгаа. Он дуусахад төлөвлөсөн хэмжээнд хүрэх болов уу” хэмээн хэлтсийн дарга Н.Эрдэнэсувд хэлж байв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ