Шин Хай Мин: 2050 он гэхэд Хятадын онцлогтой социализм байгуулах зорилт дэвшүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-25 19:58:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдөр энэ сарын 18-25-ны өдрүүдэд Бээжин хотноо болсон ХКН /Хятадын коммунист нам/-ын XIX их хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Шин Хай Мин тус улс 2050 он гэхэд Хятадын онцлогтой социализм бүтээн байгуулах зорилтыг энэ удаагийн их хурлаас дэвшүүлсэн болохыг хэллээ.

Тэрбээр цааш ярихдаа уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хоёр шат дамжина. Ингэхдээ БНХАУ нь 2021 он гэхэд чинээлэг нийгмийг байгуулж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Дараагийн шатыг хоёр хэсэгт хуваах бөгөөд 2020-2035, цаашлаад 2035-2050 гэхэд орчин үеийн социалист орныг байгуулсан байх болно. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд эдийн засаг, улс төр, соёл урлаг, нийгэм, экологи зэрэг бүхий салбарын үйл ажиллагааг өндөр түвшинд ахиулж төгөлдөржүүлсэн байх юм хэмээв. 



Монгол Улстай харилцах харилцааны тухайд Элчин сайд Шин Хай Мин, "Хятад-Монгол Улс нь уул усаараа холбогдсон сайн хөрш юм. Хоёр улсын хилийн шугамын урт 4710 км. Иймээс бид сайн хөрш, сайн түнш, сайн найз байх хэрэгтэй. Хоёр орны харилцаа сайн хөгжиж байгаа бол хоёр улсын энгийн иргэдэд сайн нөлөөтэй. Хэрэв хоёр улсын харилцаанд асуудал үүсвэл хамгийн эхэнд хоёр орны жирийн иргэдийн дунд хүндрэл үүснэ. Хятад-Монголын харилцааг Ши Жиньпин дарга өндөр түвшинд авч үздэг. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчилсан. Энэхүү айлчлал нь Ши Жиньпин даргын ганцаарчилсан төрийн айлчлал байснаараа онцлогтой. Тэр үеийн айлчлалаар хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэсэн. Ингэснээр хоёр улсын харилцаа нь хурдны галт тэргэнд суусантай адилтгахаар үйл явдал болсон юм. Тус айлчлалын үр дүнд маш олон салбарын хамтын ажиллагаа өргөжиж, хоёр орны аль алинд нь бодитой ашиг авчирсан. 



Ши Жиньпин дарга, "Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал яаж ч хувирсан Монголын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Энэ нь Хятад Улсын урт хугацаанд хэрэгжүүлэх төрийн бодлого байх болно" хэмээн олонтаа онцолсон. Мөн Хятадын талаас Монгол Улстай найрсаг, тайван, чинээлэг хөрш гэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. 2035, цаашлаад 2050 он гэхэд Хятад Улс төгс социализмыг байгуулах болно. Иймээс Монголын талд хэлэхэд хурдны галт тэргэнд амжиж суугаарай хэмээн хэлэхийг хүсч байна. 

Монгол Улстай хийх хамтын ажиллагаа өгөөжтэй яваа. Гэхдээ энэхүү хамтын ажиллагааны явцад зарим асуудлууд бидэнд тохиолддог. Иймээс гарч буй асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим сайдуудтай уулзалт хийсэн. Энэхүү уулзалтаа үргэлжлүүлэх болно" гэлээ. 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал


 
Холбоотой мэдээ