Хятадын тэрбумтан Жак Ма Москвагийн их сургуулийн оюутнуудад лекц уншив

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-20 13:21:31
Москва /МОНЦАМЭ/. БНХАУ-ын “Алибаба” группыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма өнгөрөгч лхагва гаригт М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн оюутнуудад лекц уншлаа.
 Манай гаригийн хамгийн амжилттай яваа хүмүүсийн нэгд тооцогддог  Жак Магийн “Бизнесийн технологи болон арилжааны хэтийн чиг хандлага” сэдэвт лекцийг сонч, түүний амжилтын нууцыг мэдэх гэсэн оюутнууд хуран цугларав.
 
Тэрбээр “Би их сандарч байна. Москвагийн их сургуульд лекц уншина гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би өөрөө оюутан байхдаа энэ сургуулийг мөрөөддөг байсан” хэмээн лекцээ эхлүүлсэн юм.
Хоёр цаг орчим хугацаанд үргэлжилсэн түүний яриа ихэвчлэн өөрийн амьдарлын алдаа туршлагын жишээн дээр оюутнуудад урам зориг хайрлахад чиглэж байсан юм.
"Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алдаанаасаа айж ичнэ гэдэг маш тэнэг зүйл. Чи амжилтанд хүрээд эргээд харахдаа гаргасан алдаанууд чинь ямар баатарлаг байсныг ойлгоно. Би амьдралд нэг л зүйлийг маш сайн сурсан. Та, би, бид бүгдэд асар их боломж бий. Алдаа гаргах бүртээ чи тэр боломж хараахан ирэх болоогүй байна гэж бодоод хэзээ ч бууж өгөлгүй тэмцэх хэрэгтэй” хэмээн онцлов.
 Харин үүсгэн байгуулсан “Алибаба” группынхээ тухай тэрбээр “Үнэгүй зүйл гэж хаана ч байхгүй, байх ч ёсгүй. Хэрэв та амжилтанд хүрэхийг хүсч байвал үүнийхээ төлөөсийг төлөх хэрэгтэй. "Алибаба" групп 18 жилийн өмнө байгуулагдсан. Тэр үед надад ажлын байр түрээслэх мөнгө  байгаагүй учир гэртээ бизнесээ эхлүүлсэн. Компанийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон тэр үеийн ажилтнууд олон шөнө нойргүй хоносондоо. Үүнийхээ хүчинд 70 жилийн хугацаанд бүтээх баялгийг 18 жилийн дотор бүтээсэн. Бид нойр хоол, эрүүл мэндээ энэ амжилтын төлөөс болгосон” гэв.
Түүний бодлоор тун удахгүй интернэт нефтьнээс үнэтэй болох аж. Тэрбээр “Интернэт хүн төрөлхөтний бүх асуудлыг шийдэх цаг тун удахгүй ирнэ. Манай дэлхийн хүмүүсийн 80 хувь нь интернэт ашиглаж байна. Энэ бол гайхамшиг. Үүнийг зөвхөн технологийн дэвшил, нийгмийн хөгжил гэж харах өрөөсгөл ойлголт. Интернэт өөрөө маш том боломж” хэмээв. 
40-өөд мянган ажилтантай тус группын ОХУ-ын Москва хот дахь салбар 100 гаруй ажилтантай юм. Тэгвэл 10 жилийн дотор ОХУ дахь ажилтныхаа тоог 5000 хүргэх зорилготой байгаагаа "Алибаба" группын Ерөнхийлөгч тэмдэглэсэн юм.
Лекцийн төгсгөлд тэрбээр самбар дээр өөрийн цахим шуудангийн хаягаа бичээд “Алибаба”-д ажиллах сонирхолтой М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн оюутнуудыг түүнтэй холбогдохыг хүссэн юм.
Л.Нандиа
Холбоотой мэдээ