“Баруун-Урт хотын цом-2015” тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 21:52:37

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын залуучуудыг хоёр сарын турш сагсан бөмбөгөөр амьсгалуулж, нэгтгэж өгөх “Хотын цом-2015” сагсан бөмбөгийн лигийн тэмцээн эхэллээ.

Аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Хотын цом-2015" сагсан бөмбөгийн лигийн тэмцээний албан ёсны нээлт мягмар гарагт боллоо. Тэмцээнийг аймгийн ЗДТГ, Баруун-Урт сумын ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, аймгийн Сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк ажиллаж байгаа бөгөөд "ХААН банк", "Ханан фитнесс", "Залуус хотхон", "Арвайн үндэс", "Хадатын сайхан булаг", "САОЗХТөв" гэсэн багууд өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтэнд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат, аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Ц.Алтансүх, Биеийн тамир, спортын газрын дарга О.Батнасан болон багуудын ивээн тэтгэгч эзэд оролцон баг тамирчиддаа баяр хүргэн амжилт хүслээ. "Хотын цом" лигийн тэмцээний лого зохиох уралдаанд Г.Ганбилэг тэргүүн байр эзэлсэн бөгөөд шагналыг аймгийн дарга гардууллаа. Нээлтийн үеэр үзэгч-сагсан бөмбөг сонирхогчдын дунд тэмцээн зохион байгуулагдаж, Люмино хамтлагийн дуучин Батхишиг, реппер Цэцэнбилэг нар ая дуугаа өргөсөн юм.

"Хотын цом-2015" тэмцээн зохион байгуулагдсанаар тамирчид ур чадвараа ахиулж, туршлага хуримтлуулахын зэрэгцээ хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэх, сонирхоход түлхэц болж ирээдүйн Лигийн шилдэг тамирчдыг бэлтгэх үндсэн суурийг тавьж өгч байгаа ач холбогдолтой юм. Тоглолт долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт 18:00 цагаас болж байгаа бөгөөд тэмцээн ирэх 12 дугаар сарын 17-нд өндөрлөнө.

Б.Энхтуяа

Холбоотой мэдээ