Гэдэсний халдварт өвчин өмнөх оноос ихсэх хандлагатай байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-15 18:41:59
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. “Дэлхийн гар угаах өдөр”-ийг угтаж аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн нэг сарын хугацаанд өрнөсөн “Таны эрүүл мэнд-Таны гарт” сэдэвт аяны хаалт өнөөдөр Мөнх-Алдарын талбайд болов. 

Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын даргы Ч.Сарангэрэл, Зуунмод сумын Засаг даргын орлогч дарга Г.Ган-төгс, ЭМГ-ын НЭМХэлтэс, төвийн дарга нар, мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэг, албан байгууллагын нийт 400 гаруй хүн оролцлоо.

Гар угаах орчин нөхцөлийг сайжруулах, нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүн бүрийг гараа тогтмол зөв угааж хэвшүүлэх замаар халдварт өвчлөлийг бууруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй, маш сайн үр нөлөөтэй, өртөг зардал багатай гэдгийг харуулах нь уг аяны гол зорилго гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Аяны хүрээнд зорилтот 50 өрхөд Дэлхийн Зөн ОУБ-ын Төв ОНХХ-тэй хамтран угаалтуур, усны сав, ахуйн цэвэрлэгээний бодис олгожээ. Эдгээр өрхөөс эрүүл ахуйн орчин нөхцөлөө сайжруулсан нэг өрхийг тодруулж, хагас автомат угаалгын машинаар шагнав.

Цэцэрлэгүүдийн дунд зохиогдсон аяны хүрээнд шилдэг цэцэрлэгээр шалгарсан н.Ариунаа эрхлэгчтэй “Хүмүүн” цэцэрлэг шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасан юм. ЕБСургуулийн дунд зохиогдсон аяны хүрээнд тавдугаар сургуулийн 10а анги тэргүүн байранд шалгарав.

Мөн энэ үеэр ЕБСургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гар угаах арга, дарааллаар флаш моб бүжгийн уралдаан зарлаж, 7 ангийн 170 гаруй хүүхэд оролцлоо:

Сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглан эдүгээ ес дэх жилдээ дэлхийн 70 гаруй оронд тэмдэглэж байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар бүртгэгдсэн нийт халдварт өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс 10,000 хүн амд 38,2 промилиор буурсан үзүүлэлттэй байгаа ч гэдэсний халдварт өвчлөл өмнөх оны мөн үеэс ихсэх хандлагатай байгааг албаныхан онцолж байна. 
Т.Төмөр
Холбоотой мэдээ