Монголчууд тун удахгүй урт хугацааны H2 визээр АНУ-д хөдөлмөр эрхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-13 17:33:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар хэрэгжих гэж буй “Хариуцлагатай аялагч” олон нийтэд хандсан кампанит ажлын нээлт өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын зорчигчдын танхимд боллоо.

Монголчуудад АНУ-д хариуцлагатай аялснаар
визний гаралтын тоо нэмэгдэнэ

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, "АНУ руу өдөр бүр зорчдог хэдэн зуун хүмүүсийн дотор Монголчууд байдаг нь бидэнд таатай сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ АНУ нь бусад улс орон, түүний дотор Монгол Улсын нэгэн адил хил хязгаараа хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Тийм болохоор АНУ-ын хууль тогтоомжид нийцсэн хууль ёсны аялал хийхийг уриалж байна.

Гэвч үнэнийг хэлэхэд олон тооны Монголчууд Америкт аялахдаа хууль журмыг баримтлахгүй, визний болон суралцах хөтөлбөрийн хугацааг хэтрүүлж, аяллын зорилгоо буруу мэдүүлэх эсвэл тэнд байх хугацаандаа зөвшөөрөлгүй ажил эрхлэх зэрэг баримтууд байсаар байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр 2016 онд жуулчлал болон бизнесийн зорилгоор аялсан Монголчуудын бараг 8 хувь нь зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлсэн бол оюутан сурагчдын 20 хувь нь хөтөлбөр дууссан ч тэндээ үлдсэн байдаг. Мөн аялж байгаа Монголчуудын 3/1 хувь визний ангилалд нь зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулах буюу ажил эрхэлдэг гэсэн баримт бий. 

Гадаадад аялахдаа хувиа хичээх ёсгүйг Монголчууд ойлгох хэрэгтэй. Хувь хүний үйлдэл нийтэд нөлөөлөх үр дүнд хүргэдэг гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Хилийн чанадад аялж яваа Монгол хүн бүр улсынхаа элч төлөөлөгч байдаг. Хариуцлагатай аялна гэдэг нь зөвхөн АНУ болон бусад улс орны хуулийг мөрдөхдөө биш харин олон улсад аялж яваа Монголчуудад итгэх гадныхны итгэлийг нэмэгдүүлэх явдал юм" гэв.

 АНУ, БНСУ, Япон болон Европын холбооны улсад
визгүй зорчдог болохоор ажиллаж байна

Үүний дараа Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил үг хэлсэн юм. Тэрбээр, "Монгол Улсын үе үеийн Засгийн газар өөрийн орны иргэдийг аль болох дэлхийн олон улс оронд хөнгөлөлттэй, болж өгвөл визгүй зорчих зорилго тавьж ирсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын иргэд энгийн паспорттой дэлхийн 19 оронд, дипломат албан паспорттой 29 оронд ямар нэг визгүй зорчиж байна.

Бид одоогийн байдлаар Аргентин, Чили, Урагвай улстай иргэдээ харилцан визгүй зорчуулах хэлэлцээ хийж, удахгүй хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байна. Сингапур Улстай гэрээ байгуулж, хэлэлцээртээ өөрчлөлт оруулж 15 хоног визгүй байсныг 30 хоног болгосон. Албани, Хорват улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ Швейцарь Улстай бүх төрлийн паспортоор визгүй зорчих яриа хэлэлцээг эхлүүлээд байна.

Гэхдээ Монголчуудын илүү зорчих сонирхолтой байдаг АНУ, БНСУ, Япон болон Европын холбооны улсад  урт хугацаатай, болж өгвөл визгүй зорчих нь хамгийн чухал ажлын нэг юм. Ийм болгохын төлөө бидний зүгээс тогтмол үйл ажиллагаа явуулж, ямар нэг учир шалтгааны улмаас тэдгээр яриа хэлэлцээ маань  нэг бол урагшилж, заримдаа хойшилж байдаг. Гэхдээ энэ бол урт хугацааны зорилго юм.

АНУ-тай хийж байгаа яриа хэлэлцээг дурдвал, энэ оны 11 дүгээр сард багтаж Монгол Улсын иргэдэд АНУ-ын Засгийн газар H2 визийг олгох гэж байна. Тус хөтөлбөр нь АНУ-д урт хугацаатай гэрээгээр ажиллах виз юм. Энэхүү визний асуудлыг хоёр улсын Засгийн газар сүүлийн 6-7 жилийн хугацаанд хийсэн яриа хэлэлцээний үр дүн юм" гэлээ. 

“Хариуцлагатай аялагч” кампанит ажил ирэх хэдэн сард үргэлжилнэ
 

Энэ үеэр АНУ-ын ЭСЯ-ны Ерөнхий консул Жэйсон П.Спэлбергээс "Уг аян хэдий хугацаанд үргэлжлэх, хэрхэн дүгнэх, дүгнээд нааштай үр дүн гарсан тохиолдолд АНУ руу визгүй зорчих хөтөлбөрт Монгол Улс хамрах шалтгаан нөхцлийн нэг болж чадах уу" гэсэн асуудлыг тодруулсан юм. Ерөнхий консул эл асуултад, "Энэхүү аянд ямар нэг хугацаа тогтоогоогүй. Ирэх хэдэн сарын турш үргэлжилнэ. Аяны хугацаанд сурталчилгааны материалуудыг бэлдэж олны хүртээл болгоно. Харин аян яаж амжилттай хэрэгжсэн бэ гэдгийг хоёр аргаар хэмжинэ. Нэгдүгээрт АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам визний асуудлаар тодорхой үнэлгээ хийж байдаг. ЭСЯ-наас ч мөн адил өөрийн үнэлгээг хийнэ. Визний хугацаа хэтрэх юм уу эсвэл хууль бусаар ажил эрхлэх зэрэг зөрчлийн тоон үзүүлэлт буурсан тохиолдолд бидний эхлүүлсэн аяны үр дүн гарч байна хэмээн үзэх боломжтой. Үүний зэрэгцээ олон нийтийн сүлжээг ашиглан АНУ-д ажиллаж амьдарч байсан монгол иргэд хариуцлагатай аяллынхаа тухай өөрийн түүхийг бусадтай хуваалцаж, хариу үйлдэл үзүүлвэл мөн амжилттай хэрэгжиж байна гэж үзэх юм" хэмээн хариулав.

Энэ үеэр тус ЭСЯ-ны хариуцлагатай ажилтнууд Монголын иргэд АНУ руу визгүй зорчдог болох хүртэл урт хугацаа шаардлагатай. Тэрхүү цаг хугацаа хүртэл Америкийн талаас тууштай хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийлж байсны зэрэгцээ үүний наана хариуцлагатай аялагчдыг нийгэмд төлөвшүүлэх нь чухал хэмээн онцолж байв. Мөн хариуцлагатай аяллын үлгэр жишээ болгож АНУ-д ажиллаж амьдраад ирсэн монгол залуусын тухай видео бичлэгийг үзүүлэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ