Хэнтийнхэн хуулийн мэдлэгээ сорин өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-11 18:10:18

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс санаачлан аймгийн ИТХ, сумдын ГХУСАЗСЗ-тэй хамтран Дэвжээ” тэмцээнийг таван бүсэд зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээн нь сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн хууль, эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, байгууллага, ажилтан, төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилготой юм.

Урд бүс буюу Баянмөнх суманд энэ сарын 10-ны өдөр “Дэвжээ” тэмцээн зохион байгуулагдаж, Дархан, Бор-Өндөр, Галшар, Баянмөнх зэрэг сумд хамрагдан өрсөлджээ. Тэмцээн багийн мэндчилгээ, урлагийн номер, гэрийн даалгавар, асуулт хариулт, жүжигчилсэн тоглолт, багийн ахлагчийн тэмцээн гэсэн ангиллаар явуулсан байна. Тэмцээний хоёрдугаар байранд Баянмөнх сумын Ч.Болдбаатар ахлагчтай “Сүлд” баг орсон бол нэгдүгээр байр буюу Аваргын төлөөх тэмцээнд оролцох эрхийн эзнээр Дархан сумын н.Алтанхүү ахлагчтай “Залуусын түүчээ” баг шалгарчээ.

Тэмцээнийг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан нээж, ерөнхий шүүгчээр АЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Л.Бат-Октябрь, аймгийн цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.Мөнх-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнгөнзул нар ажиллажээ.

Өнөөдөр баруун бүсийнхэн Цэнхэрмандал суманд Дэвжээ тэмцээнээр өрсөлдөж байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ