Аймгийн хурц арслангийн алдрыг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-10 12:15:31
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хурц арслан П.Ганболдын алдрыг тэмдэглэх хүндэтгэлийн баяр наадам саяхан Өмнөдэлгэр сумын "Айргийн индэр"-т боллоо. Уг арга хэмжээг Хэнтий аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар, Чингис хот дахь Өмнөдэлгэр сумын Нутгийн зөвлөлийн дарга Г.Төмөрбаатар, Өмнөдэлгэр сумын ИТХ, ЗДТГ, "Айрагийн хүлэг" уяачдын холбоо, Бор-Өндөр, Батширээт, Жаргалтхаан, Мөрөн, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр сумдын Үндэсний бөхийн холбооны салбар зөвлөлийн гишүүд санаачлан, зохион байгуулав.

Баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын алдар цолтой 32 бөх бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдсанаас Өмнөдэлгэр сумын харъяат, аймгийн заан Д.Алтанцоож түрүүлж, Биндэр сумын харъяат, аймгийн арслан Г.Ганцоож үзүүрлэн, аймгийн хурц арслан С.Ариунбилэг, аймгийн начин
Т.Дэчинжүрмэд нар шөвгөрсөн байна.

Өсвөрийн бөхийн барилдааны 5-6 насанд Д.Цэнд-Аюуш, Х.Хаш-Эрдэнэ, 12-13 насанд Т.Ган-Эрдэнэ, Э.Түдэвдорж, 14-15 насанд У.Шижирбаатар, О.Ихбаяр нар үзүүр түрүүнд шалгаран, наадамчин олноо баясгалаа.

Их насны морьдын уралдаанд 20 шандаст хүлэг мордсоноос Өмнөдэлгэр сумын 1-р багийн уяач Л.Цогтбадрахын хээр түрүүлж, Жаргалтхаан сумын уяач Д.Эрдэнээгийн хул аман хүзүүдэж, Галшар сумын уяач Н.Батжаргалын хээр, 3-р багийн уяач н.Гантогтохын сартай хүрэн, 5-р багийн уяач н.Баатарсүрэнгийн хүрэн халзан тус тус  айрагдлаа.

Соёолон насны морьдын уралдаанд 32 хурдан хүлэг шандас сорьсноос Галшар сумын уяач н.Батжаргалын хонгор, Галшар сумын уяач н.Эрдэнэболдын зээрд, Баянхутаг сумын уяач н.Эрдэнэбаатарын шарга халзан, Өмнөдэлгэр сумын 4-р багийн уяач н.Батбүргэдийн сартай хээр, Галшар сумын уяач н.Эрдэнэболдын хээр тус тус айргийн тавд хурдаллаа. Өмнөдэлгэр сумын 4-р багийн иргэн Алтангадас одонт Л.Өлзийхутаг, үр хүүхдүүдийн хамт хязаалан насны морьдоор айргийн тавд хурдалсан соёолон насны морьдыг байлж, шагналыг гардуулсан юм.

Олны хайр хүндлэлийг хүлээсэн П.Ганболд нь багаасаа спортод сонирхолтой нэгэн байв. Тэрбээр Сагсан бөмбөгийн аймгийн шигшээ багт 1982-1983 онд тоглож, чөлөөт бөхөөр УАШТэмцээнд амжилттай оролцож байжээ. Сургуулиа төгсөөд цэрэгт татагдан, 1983-1986 онд Алдар нийгэмлэгт тамирчин байлдагчаар алба хаасан байна.

1986 оноос Хэнтий аймгийн БТСГ-т хуваарилагдан, самбо, жүдо, чөлөөт, үндэсний бөхийн барилдааныг дасгалжуулан, олон арван хүүхдийг улс бүсийн уралдаан тэмцээнд хөтлөн, амжилтанд хүргэсэн юм. Мөн олон арван тэмцээн уралдааныг аймагтаа амжилттай зохион байгуулж, шүүн явуулдаг “Улсын шүүгч” хэмээх алдрын эзэн билээ.

Хэнтий аймаг, ОХУ-ын Чита мужтай байгуулсан гэрээний дагуу зохион байгуулагддаг ЗХУ-ын баатар Базар Ренчиногийн нэрэмжит тэмцээнд тэрбээр 4 удаа оролцож, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэнийг Читийн БТСГ-аас үнэлэн 2009 онд ОХУ-ын дэд мастер цолыг хүртээжээ.

 
Д.Одонтунгалаг



 
Холбоотой мэдээ