ОХУ, ЕХ эв найрамдалтай байх ёстой гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-11 12:38:44

МОСКВА. /Sputnik/. Европ тивийг хоёр хуваах санал зөрөлдөөний шугам үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ЕХ болон ОХУ эв найрамдалтай зэрэгцэн орших ёстой гэж ОХУ-аас Европын эвсэлд суугаа Элчин сайд мэдэгдэв.

Европын аюулгүй байдал хэзээ ч сул дорой байгаагүй боловч ийм чиг хандлага ажиглагдаж байгааг тэрбээр онцлоод, уг хандлагыг ОХУ-ЕХ-ны харилцааг сэргээх замаар л зохицуулж болно гэж мэдэгджээ.

ОХУ-ын эсрэг явуулж байгаа Европын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын кампанит ажил дууссанаар хоёр талын харилцаа сэргэж эхэлнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.

ОХУ-д авсан хориг арга хэмжээгээ ЕХ дахин зургаан сараар сунгаж магадгүй гэсэн таамаг гарсантай холбогдуулан тэрбээр уг мэдэгдлийг хийжээ.

2014 оны эхээр Украин болон тус улсын зүүн нутаг дахь салан тусгаарлагчид хоорондын зэвсэгт мөргөлдөөн эхэлсний улмаас ОХУ-ЕХ-ны харилцаа муудаж эхэлсэн билээ. Уг мөргөлдөөнд оролцсон гэж Европын улс төрчид ОХУ-ыг буруушааж, тус улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ