Архангайн ахмадуудын амьжиргааны түвшин улсын хэмжээнд доогуур үзүүлэлттэй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-03 21:23:41
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хүн амын 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа ахмадуудын амьжиргааны түвшин улсын хэмжээнд дунджаас доогуур үзүүлэлттэй гарчээ. Энэ нь ахмадуудын тэтгэврийн хэмжээ бага, дээрээс нь ажилгүйдэл их байгаагаас шалтгаалж байна гэж үзэж байгаа юм.

Ахмадуудын санал санаачилгыг өрнүүлсэн, тэднийг оролцуулсан аливаа ажил, арга хэмжээ дутмаг байдгийг ахмадууд хэлдэг. Хөдөлмөрийн чадамжтай ахмадууд нийлээд бүлэг, хоршоо байгуулахад дэмжих гэхчлэн  тэдний хамтын ажиллагааг дэмжсэн ямар нэг үйл ажиллагаа аль ч суманд байдаггүй аж.

Ахмадууд жил бүрийн баяр гэхээс илүү тэдний асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойг илэрхийлдэг, тэдний санал бодлыг ажил хэрэг болгох санал санаачилга гаргадаг байхыг хүсдэг байна.

Архангай аймаг 90,0 гаруй хүн амтай. Үүнээс 8097 нь буюу аймгийн нийт хүн амын 8,7 хувь нь ахмадууд байна. Ахмадуудын 5381 нь буюу 66,4 хувь нь эмэгтэйчүүд, 2716 нь буюу 33,6 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин насны ангиллаар нь авч үзвэл 80-89 хүртлэх насны 632, 90-100 хүртэлх насны 81, 100-аас дээш насны 4 ахмад байдаг байна. Манай аймгийн хамгийн өндөр настай ахмад настан Хайрхан суманд амьдардаг 105 настай хөгшин байдаг байна.

Архангай аймгийн хэмжээнд хамгийн олон ахмад амьдардаг сумдыг эрэмблэвэл аймгийн төв Эрдэнэбулган суманд 2000 гаруй ахмад, хөдөөгийн сумдаас Эрдэнэмандал суманд 503, Өндөр-Улаан суманд 456 ахмад настан аж төрж байна. 

Б.Гэрэлт-Од

 
Холбоотой мэдээ