Норовлин сумын ЕБС 80 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-03 21:13:56
Хэнтий /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Хэнтий аймгийн Норовлин сумын ЕБС-ийн түүхт 80 жилийн ой саяхан тохиолоо.

Тус сургуулийн 80 жилийн ойн баярын хурал болон бусад арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга, Норовлин сумын бага сургуулийн 28 дугаар төгсөлтийн төгсөгч Н.Ганбямба, БСУГ-ын мэргэжилтэн Я.Батбилэгт, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга, тус сургуульд захирлаар ажиллаж байсан С.Эрдэнэжаргал нар хүрэлцэн ирж оролцлоо.

Ойн баярын арга хэмжээний хүрээнд Хурдан морины уралдаан, төгсөгчдийн дунд Бөхийн барилдаан, гар бөмбөг, шагайн харваа зэрэг уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдав. Мөн “Төгсөгчдийн шоу”-нд “Цэцэг” хамтлагийн дуучин Ч.Батболд болон “Андууд” хамтлагийн уран бүтээлчид оролцсон нь хурсан олны сэтгэл зүрхийг догдлуулж, гэгээн гэрэлт сурагч настайгаа учран золгосон дурсамжит агшинг бэлэглэжээ.

Түүхт 80 жилийн хугацаанд тус сургууль бага боловсролын 29, бүрэн дунд боловсролын 4, суурь боловсролын 39 удаагийн төгсөлтийг тус тус хийж, 3800 гаруй суралцагч төгсжээ.

Тус сургууль нь анх 1937 онд “Ардын сайн дурын танхим” нэртэйгээр тухайн үеийн сумын төв байрлаж байсан “Есөн хүний агуйт” хэмээх газарт 1 эсгий гэрт 18 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж, 1937-1939 оны хооронд зөвхөн зуны 3 сард хичээллэж байжээ. Тус танхимын анхны захирлаар Баян-Овоо сумын харъяат “Толгой” хэмээх Шагдар, багшаар Д.Лувсанжамц, Н.Чимэдрэгзэн, ажилтнаар Жаргал, Баяр, Дамдин нарын хүмүүс тус тус ажиллаж байв.

1939 оны эхээр сумын төвийн одоогийн байгаа “Ар жаргалант” руу нүүн төвхнөж, “Ардын бага сургууль” хэмээн нэрийдэн, багш, коминдаа /аж ахуйн нярав/, галч нарын 5 ажилтантай 33 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Бага сургуулийн анхны захирлаар Б.Ядамсүрэн, багшаар С.Маньбадар нар ажиллаж байв. Ардын бага сургууль байх хугацаандаа нийт 29 удаагийн төгсөлтийг хийж, 700 гаруй сурагчийг төгсгөжээ. Төр засгаас хөдөө орон нутгийн сургуулиудад анхаарал тавьж, дунд сургуулиудыг байгуулах ажил өрнөх үед буюу 1973-1974 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль болж захирлаар Д.Цэрэнжав, анхны хичээлийн эрхлэгчээр Ү.Баттөр нар ажиллаж байсан түүхтэй.
Д.Одонтунгалаг
 
 
Холбоотой мэдээ