“Эрүүл мэнд, соёл боловсролын хяналтын сарын аян” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:40:03

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас эрхлэн зохион байгуулсан “Эрүүл мэнд, соёл боловсролын хяналтын сарын аян”-ны нээлт Дархан хотын “Дархан-50” цогцолборт болов. Аяны нээлтэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн Хэлтэс, Эрүүл Мэндийн газар, Боловсрол, Соёлын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Их дээд сургуулиудын концерцум, Нэгдсэн Эмнэлэг зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Аймгийн МХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Д.Наранцэцэг:-“Эрүүл мэнд, соёл боловсролын хяналтын сарын аян” өнөөдөр системийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа бол өнөөдөр Дархан-Уул аймагт эхлэж энэ сарын туршид үргэлжилнэ. Аяны энэ удаагийн нээлтэд аймгийн хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, үдийн цай хөтөлбөрийн аж ахуйн нэгжүүд, их дээд сургуулиудын төлөөлөл. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулсан сурах бичгийн болон сурагчийн дүрэмт хувцасны худалдаа, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний танилцуулга, эм био бэлдмэлийн үзэсгэлэн худалдааг манай МХГ-аас зохион байгуулж байна. Мөн энэ өдөр эрүүл мэндийн байгууллагууд иргэдийн даралт, сахарын хэмжээг үзэж амьдарлын зөв хэвшлийг эзэмшүүлэх дасгал хөдөлгөөнийг зааж байгаа бол эм хангамжийн байгууллагууд эмийн худалдаа хийж байна. Үүнээс гадна бид аяны хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудад хяналтын хуудсыг сурталчилж хэлэлцүүлэг хийж сургалт сурталчилгаа явуулна. Боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын шалгалтуудыг бид урьдчилж хийлээ. Түүнчлэн “Үдийн цай” хөтөлбөрийн бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөгдсөн” гэв.

Тус МХГ нь 2015 он гарсаар сар болгон ямар нэгэн ажлыг сарын аян болгож зохион байгуулдаг. Үүний өмнөх саруудад байгаль орчны болон барилга, дэд бүтцийн сарын аяныг зохион байгуулж явуулжээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд