АНУ-ын эрх баригчид Хятадын зүгээс Умард Солонгосын эсрэг улам хүчтэй арга хэмжээ авахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-09-29 11:46:08
ВАШИНГТОН. /Ройтерс/. Умард Солонгос улс цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан БНХАУ-ын зүгээс тус улсад тавих хориг арга хэмжээг нэмэгдүүлж байгаа боловч улам эрчимжүүлэн чангатгах хэрэгтэй байна гэж АНУ-ын засаг захиргааны удирдах албан тушаалтан мэдэгдсэн байна. 

Пүрэв гарагт АНУ-ын Сангийн яамны орлогч сайд Сигал Манделкер болон Төрийн нарийн бичгийн даргын туслахын үүрэг гүйцэтгэгч Сьюзан Торнтон нар АНУ-ын Конгрессын хуралдаанд оролцож, Олон улсын хамтын нийгэмлэг Умард Солонгост шахалт үзүүлэх асуудалд нэгдэж байгааг цохон тэмдэглээд, өчигдөр БНХАУ-ын гаргасан шийдвэрийг сайшаан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна. БНХАУ-ын явуулж буй үйл ажиллагааг АНУ анхааралтай ажиглан харж байгаа гэж С.Манделкер нэмж хэлсэн байна.

БНХАУ-ын зүгээс Умард Солонгос улсын асуудлаар явуулж буй бодлого шинэ түвшинд гарч байна гэж С.Торнтон онцлон тэмдэглэсэн байна. БНХАУ болон бусад орнуудыг олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Умард Солонгосын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахад улам илүү чармайлт гарган ажиллах ёстойг нь АНУ-ын зүгээс ойлгуулах шаардлагатай гэж тэрбээр хэлсэн байна.
Х.Сарнай 

 
Холбоотой мэдээ