"Вануату" галт уул дэлбэрсний улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-28 17:08:39
ПОРТ-ВИЛА. /Би-Би-Си/. Номхон далайд орших арлын улс болох Вануату улсад байдаг "Вануату" галт уулын дэлбэрэлтийн улмаас бүхэл бүтэн арлыг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд байна гэж "Би-Би-Си" агентлаг мэдээлэв.
 
Тус улсын хамгийн том "Амбаэ" арлын  11 мянган оршин суугчийг Номхон далайн орнуудын бусад арал руу нүүхийг анхааруулсан байна. Мөн тус улсын "Манаро" галт уулын чичиргээ хэдэн өдрийн турш үргэлжилсэн бөгөөд амралтын өдрүүдээр үнс нурам цацан, дунд зэргийн хүчтэй дэлбэрэлт болсон байна.

Тус арлын улсын эрх баригчид энэ долоо хоногийн эхээр 6 000 оршин суугчийг өөр газар руу нүүлгэн шилжүүлсэн боловч одоо бүх хүнийг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан байна. Ирэх долоо хоногийн баасан гараг гэхэд арлын бүх оршин суугч "Амбаэ" арлаас нүүхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ нь тус улсын хувьд анхны тохиолдол болж байна гэж яаралтай тусламжийн албанаас мэдээлжээ. 

"Манаро" галт уул дунд зэргийн хүчтэй дэлбэрсэн тул эрх баригчдын зүгээс хоёр дахь түвшний түгшүүрийн дохиог өгсөн байна. Тэд шидэгдсэн чулуунууд, галт уулын хий, хүчлийн бороо, үнс нурам унахаас болгоомжлохыг анхааруулсааар байгаа аж. Сүүлийн өдрүүдэд галт уулын тогооны дээд хэсэгт халуун лав гарч ирээд байгааг илтгэн галт уулын дээр утаан үүл үүсээд байна. Уг "Манаро" галт уул хамгийн сүүлийн удаа 2005 онд дэлбэрсэн бөгөөд тэр үеэр 5000 хүн орон гэрээ орхин нүүсэн байна. 

Х.Сарнай 

 


Холбоотой мэдээ