Египет дэх “Лалын улс”-ын толгойлогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-10 11:50:32

КАИР. /Sputnik/. Оросын зорчигч тээврийн онгоцны ослын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж буйтай зэрэгцэн өөрсдийгөө “Лалын улс” гэж нэрлэсэн террорист бүлэглэл уг онгоцыг унагасан хэмээн мэдэгдсэн билээ. Египет дэх тус бүлэглэлийн салбарын толгойлогчийг устгаснаа тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

“Лалын улс”-ад үнэнч байхаа тангараглаж, өөрсдийгөө Синай муж дахь “Лалын улс” гэж зарласан “Ансар аль-Бейт Макдис” бүлэглэлийн толгойлогч нь Ашраф Али аль-Гхарабли байжээ.  

Баривчилгааг эсэргүүцэн буудалцах үеэр түүнийг Каирын цагдаа нар устгасан байна.

Өндөр албан тушаалтныг онилсон халдлагуудыг босогчдын толгойлогч Ашраф Али аль-Гхарабли зохион байгуулсан гэж үздэг байна. Египетийн Дотоод хэргийн сайд асан Мохамед Аль-Сайедын амь насанд халдсан, Италийн консулын газарт өнгөрсөн зун дэлбэлэлт зохион байгуулсан хэрэгт тус улсын эрх баригчид түүнийг сэжиглэдэг юм.

224 хүний амийг авч одсон 10 дугаар сарын 31-ний ослыг Синайд үйл ажиллагаа явуулдаг, “Лалын улс”-ын салбар үйлдсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Албан ёсны мөрдөн шалгалтаар уг мэдэгдлийн үнэн эсэхийг тодруулна.  

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ