АНУ-ыг дайн зарласан гэж Умард Солонгос буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-26 08:51:01
ВАШИНГТОН. /Ёнхап/. “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп манай улсын эсрэг дайн зарлалаа. Хэрвээ Америкийн бөмбөгдөгч нисэх онгоцууд манай улсын агаарын хил рүү дахин нэвтэрвэл бид шууд харван унагаах болно" гэж Умард Солонгосын Гадаад харилцааны сайд анхааруулсныг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг уламжилжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон түүний дэглэм “тийм ч удаан оршин тогтнохгүй” гэж Д.Трамп өнгөрсөн бямба гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан анхааруулсан юм.

Үүнтэй холбогдуулан Умард Солонгосын Гадаад харилцааны сайд өчигдөр Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Америкийн ерөнхийлөгчийн энэ мэт үгс манай улсын эсрэг дайн зарласнаас өөрцгүй” гэжээ.

Мөн өнгөрсөн бямба гарагт Умард Солонгосын зүүн эргийн дээгүүр АНУ-ын “B-1B” бөмбөгдөгч нисэх онгоцууд ниссэнийг сайд Ри Ён Хо дурдаад “Улс орноо хамгаалах бүрэн эрх бидэнд бий. Тухайлбал, АНУ-ын бөмбөгдөгч нисэх онгоцууд дахин манай агаарын хилийг давбал бид тэдгээрийг харван унагаах эрхтэй” гэжээ. Өөрийгөө хамгаалах эрх НҮБ-ын гишүүн бүх улс оронд бий гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий  Ассасмблейн чуулганд үг хэлэх үеэрээ “Шаардлага гарсан тохиолдолд улс орноо болон холбоотнуудаа хамгаалахын тулд Умард Солонгосыг “бүрэн устгах” болно” гэж анхааруулснаас хойш Вашингтон болон Пхеньян хоорондын харилцаа улам хурцдаад байгаа билээ.

Үүний хариуд Ким Жөн Ун АНУ-ын эсрэг “хамгийн хатуу хариу арга хэмжээ” авах болно гэж анхааруулсан нь Номхон далайд ус төрөгчийн бөмбөг туршиж магадгүй гэсэн үг байж болохыг сайд Ри Ён Хо хэлсэн юм.
 
Ри Ён Хогийн өчигдрийн мэдэгдэлтэй холбоотойгоор Цагаан ордон мөн мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд “Манай улс Умард Солонгосын эсрэг дайн зарлаагүй. Дайн зарласан гэж ойлгох нь утга учиргүй хэрэг” гэжээ.

Умард Солонгос энэ сарын эхээр зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн билээ. Мөн тус улс сүүлийн долоо хоногуудад хэд хэдэн удаа баллистик пуужин харвасан юм. Тухайлбал, өнгөрсөн сарын 28-нд болон энэ сарын 15-нд Японы газар нутгийг давуулан Номхон далай руу тив алгасах баллистик пуужин харвасан билээ.

Үүнтэй холбогдуулан “Пхеньяны аюул заналхийллийг дарахын тулд байж болох бүх арга хэмжээг авахад бэлэн байна” гэж Вашингтон нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.

Шинжээчдийн хэлснээр, АНУ-ын эх газарт хүрч, цохилт өгөх чадалтай цөмийн цэнэгт хошуу бүхий пуужин харвах зорилгодоо Пхеньян хүрэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ