Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-25 13:05:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт ирэх сарын 7-9-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулна.

Аймгийн Засаг даргын Шадар сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу зохион байгуулагдах дээрх арга хэмжээнд аймгийн төв болон Бугат сумд үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн байгууллагуудын ажилтан, алба хаагчид, сумдын удирдлагууд, иргэд оролцох аж. Тус арга хэмжээний зорилго, явагдах үйл ажиллагаануудын талаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн З.Азатаас тодруулахад: "Иж бүрэн сургуулийн гол зорилго бол  гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага,  аж ахуйн нэгж байгууллагуудын бие бүрэлдэхүүн, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа. Арга хэмжээний үеэр Бугат сумыг иж бүрнээр нүүлгэж, тус сумд үйл ажиллагаа явуулдаг холбогдох байгууллагууд сумын төвөөс 5 км газарт очиж гамшгийн цагийн байдал дээр иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Мөн Өлгий хотын иргэдийг аюулгүй талбайд нүүлгэх юм" гэв.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд тогтоосон журмын дагуу оролцохыг иргэдэд үүрэг болгосон ба аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг  хуулиар олгогдсон үүргээ биелүүлж дадлага сургалтад идэвхтэй хамрагдахыг аймгийн Онцгой байдлын газраас уриалж байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ