Үндэсний соёл урлагаар дамжуулж Монгол Улсаа дэлхий нийтэд нэгдсэн бодлогоор сурталчлахыг чухалчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын гадаад сурталчилгаа-Үндэсний соёл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.
Манай улс 1950-иад оноос эхлэн гадаад сурталчилгааг дэмжсэн тогтоол шийдвэрүүдийг гаргаж иржээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд үндэсний урлаг, соёлоороо дамжуулж улс орноо дэлхий тавцанд сурталчлахыг ихэд чухалчилж буй. Иймд Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь энэ юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ё.Отгонбаяр энэ үеэр хэлэхдээ, “Гадаад сурталчилгаа гэдгийг бид төсвийн цөөн мөнгөөр хэдхэн тоглолт хийх явдал хэмээн ойлгож ирсэн. Тэгтэл төсвийн мөнгөөр тоглолт хийлээ гэхэд дэлхий нийтийн хүртээл болох боломжгүй. Тиймээс арилжааны түвшинд оруулах шаардлага үүсээд байна. Үүний өмнө эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй юм. Одоогийн байдлаар энэ талын эрх зүйн орчин төдийлөн хангалттай биш байна. Тухайлбал, Соёлын тухай хуулинд төрийн өмчийн соёлын байгууллагуудын эрх захирагчдад эрх мэдэл олгох тухай асуудлыг тусгаж өгөх гэж байна. Өнөөдрийн байдлаар тухайн байгууллага орлого оллоо гэхэд төсөв рүү татчихдаг. Өөрөөр хэлбэл, удирдлага нь нэг ч төгрөгийн эрх мэдэлгүй байна. Тиймээс орлого олж, дараагийн тоглолтоо санхүүжүүлж урын сангаа баяжуулдаг байх нь зүйтэй.
Мөн удахгүй Киноны тухай хуулийг өргөн барих гэж байна. Тус хуулинд манай орны киночид гадны уран бүтээлчидтэй хамтарч кино хэрхэн хийх тухай зохицуулалтыг тусгаж орууллаа. Соёлын өвийн тухай хуулиар өдгөө хосгүй үнэт соёлын өвийг хилээр гаргаж болохгүй байдаг. Тэгэхээр ямар нэг хосгүй үнэт бүтээлийг хилээр гаргаж үзэсгэлэн гаргах боломжгүй болчихоод байна. Номын сангийн тухай хууль гэхэд мөн адил, номоо гадагш нь гаргаж үзүүлж болохгүй гээд баталчихсан. Иймд бид соёлын өвөө дараад байдаг биш, эргэлтэд оруулдаг болох хэрэгтэй байна” гэв.

Дэлхийн олон оронд үндэсний урлагаа сурталчилсан “Хан Богд” чуулгын найруулагч Н.Ганхуяг эл хэлэлцүүлэгт оролцсон юм. Тэрбээр гадны үзэгчид манай язгуур урлагийг ихэд таашаан үздэг. Өөрөөр хэлбэл, Монгол орныг хилийн чанадад соёл урлагаараа дамжуулж сурталчлах өргөн боломж байдаг хэмээн тэмдэглэж байв. Ингэхдээ хамгийн гол нь гадаадад гаргах бүтээлээ зөвөөр сонгох, үүний дараа оновчтой менежмент хийх явдал хэмээн Н.Ганхуяг найруулагч тодорхойлж байна. Ингэхийн тулд дотооддоо менежментийн хүчтэй багийг бий болгох, нөгөө талд хилийн чанадад ажиллаж буй ийм чиглэлийн багуудтай холбоо тогтоох хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа ярьлаа.
Хэлэлцүүлэгт ГХЯ, БСШУСЯ, Монголын гоо ертөнц нийгэмлэгийн төлөөлөл болон урлаг соёл, хэвлэл мэдээлэл зэрэг олон талт байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Оролцогчид үндэсний соёл урлагаар дамжуулан улсаа дэлхий нийтэд нэгдсэн бодлогоор сурталчлах нь зүйтэй хэмээн онцолж байв. Хэлэлцүүлгийн төгсгөлд хэлэлцсэн асуудлыг нэгтгэж зөвлөмж гаргахаар тогтлоо.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ