Дорноговийн АА бүлэг Өвөрхангайд туршлага судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-19 16:00:38
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн АА бүлэг, Мэргэжилтний багууд туршлага судлахаар Өвөрхангай аймагт ирлээ. Тэд 9-р сарын 17-20-ны өдрүүдэд Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий сумдад ажиллах бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Мэргэжлийн багийн үйл ажиллагаатай танилцах аж.
Мөн Цагдаагийн газрын түр саатуулах байр, БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн үйл ажиллагаатай танилцах, Арвайхээр сумын АА бүлэг, Бат-Өлзий, Хархорин сумдын аддиктологийн багтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй явна. Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр нь бусад аймагт томоохон туршлага болдог бөгөөд энэ удаа ч Дорноговь аймгийн Мэргэжилтний баг, АА бүлгээс хөтөлбөрийн хэрэгжилтээс ихээхэн туршлагыг олж авна хэмээн үзэж байна.
Дорноговь аймагийн Сайншанд хотод АА буюу “Архичид аминчлахуй” бүлэг байгуулагдаад таван жил болж байгаа ба аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан “АА” нийгэмлэгийг дэмжих “Мэргэжилтний баг”-ийг өнгөрсөн жил байгуулсан аж.
Өвөрхангай аймагт мөн адил архины хамааралтай болон архинд донтох өвчтэй иргэдтэй ажиллах зорилго бүхий төрийн байгууллагын албан тушаалтнаас бүрдсэн “Мэргэжлийн баг”-ийг 2016 онд байгуулжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ