Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд цэргийн хувилбар цорын ганц арга байж магадгүй гэж АНУ үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-18 09:00:47
ВАШИНГТОН./ТАСС/. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг тойрсон нөхцөл байдлыг шийдвэрлэх дипломат хүчин чармайлт бүтэлгүй болсон тохиолдолд цэргийн хувилбар нь цорын ганц арга зам болж магадгүй юм хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Америкийн “CBS” телевизээр мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоолоороо Умард Солонгосыг бүтээлч, санаачлагатай яриа хэлэлцээнд татан оруулах зорилгоор түүхэнд байгаагүй хатуу хоригийг тавьсан. Хэрвээ бидний дипломат хүчин чармайлт бүтэлгүйтсэн тохиолдолд цорын ганц үлдэж буй хувилбар бол цэргийн хувилбар” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох” АНУ-ын улс төрийн бодлогыг дахин давтан илэрхийллээ. "Бидний стратеги бол Умард Солонгосын эрх баригчдад энхийн замаар шахалт үзүүлэх явдал. Бид тус улсын дэглэмийг солих, нураан унагах гээгүй, бид хойгийг хурдавчилсан аргаар нэгтгэх гээгүй, бид цэргийн хүчээ илгээх шалтгаан хайгаагүй” хэмээн төрийн нарийн бичгийн дарга тайлбарласан байна. 

Р.Тиллерсоны хэлснээр, Умард Солонгост “энхийн аргаар шахалт үзүүлэх кампанит ажил” нь “хамгийн том, хамгийн хүчирхэг олон улсын эвслийг” тойрон хийгдэж байна. Дээрх кампанит ажил нь Солонгосын хойгийг тойрсон нөхцөл байдлын асуудлаар дэлхийн бусад орнуудын баримталж буй бодлогыг Умард Солонгос, Хятад, Орос улсуудад ойлгуулахад чиглэж байгаа ажээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр, Америкийн засаг захиргаа Умард Солонгосын эрх баригчдаас бүтээлч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэсэн дохиог хүлээж байгаа ажээ. “Бид Умард Солонгостой бүтээлч хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн ч тэд харин олон тооны пуужин, цөмийн туршилтаар хариу барилаа. Умард Солонгос хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ цөмийн болон пуужингийн туршитууд, өдөөн хатгалгаа зогсоож, заналхийллээ багасгаснаар харуулах юм" хэмээн Р.Тиллерсон хэлжээ. 
О.Барс 
Холбоотой мэдээ