Д.Трамп: Мексикийн хил дээр хана барих ажил үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-15 07:50:59
ВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америк-Мексикийн хил дээр хана босгох ажил үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа пүрэв гарагт илэрхийлжээ. “Хуучин байсан болон одоо байгаа хашаа хашлагыг сэргээн засах хэлбэрээр хийгдэж байгаа хана барилгын ажил үргэлжилнэ” хэмээн Ерөнхийлөгч “твиттер” хуудсандаа бичжээ.

Үүнээс өмнө Ерөнхийлөгч Д.Трамп "Хэрэв Конгресс Мексикийн хил дээр барих хана барилгын ажилд зориулан 1,6 тэрбум доллар гаргахыг дэмжин батлахгүй юм бол Засгийн газрын ажлыг түр зогсооход ч бэлэн байна" гэж анхааруулж байсан юм.

Мексикийн хил дээр хана хэрэм барих ажил нь Д.Трампын сонгуулийн өмнөх гол амлалтуудын нэг юм. Уг ханыг барих тухай зарлигийг тэрбээр энэ оны 1 дүгээр сарын 25-нд гаргаж байсан ба барих хананы нийт урт нь ойролцоогоор 3000 км болох ёстой аж.

Мөн Д.Трамп энэ хананы үнийг эцсийн дүндээ Мексик улс төлнө гэж нэг бус удаа мэдэгдэж байсан ч харин Мексикийн эрх баригчид энэ төсөлд оролцохоос эрс татгалзаж байгаа тухайгаа удаа дараа мэдэгджээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ