Мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-11 16:40:23
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Аймгийн Мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын малын халдварт өвчний эпизотологийн байдал тайван бус, ялангуяа гоц халдварт өвчний тархалт мал сүргийн дунд их байгаа нь эдгээр өвчинтэй тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээг төр засгаас онцгой анхаарч, урт хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Өвөрхангай аймагт дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг мал аж ахуйн салбар эзэлдэг бөгөөд мал эмнэлгийн боловсон хүчин дутагдалтай, шинээр мал эмнэлэг байгуулан ажиллахад эдийн засгийн боломж тааруу байдаг.  Аймгийн 19 сумын хэмжээнд 45 хувийн мал эмнэлэг байгаагаас малын их эмч 40, бага эмч 39, сумын МЭҮТ-т малын их эмч 18, аймгийн Мал эмнэлгийн албанд малын их эмч 7 хүн тус бүр ажиллаж байна. Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жилдээ 1848-1858 толгой мал хамруулж байгаа нь нийт малын 36 хувийг эзэлдэг. Мөн аймгийн хэмжээнд 5 суманд нэг хувийн мал эмнэлэг 183-351 мянган толгой мал хариуцан ажилладаг.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 45 дугаар тогтоолоор “Мал эмнэлгийн үйлчилгээний үнэлгээ”-г тогтоож, мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын үйлчилгээний хөлс бод 400, бог 300 төгрөг байхаар шийдвэрлэсэн ба 2016 онд хамрагдсан 1858 малын үйлчилгээний хөлс болох 485 сая төгрөг, 2017 онд хамрагдсан 1858 малын үйлчилгээний хөлс болох 514 сая төгрөг орон нутгийн төсөвт дутуу санхүүжигдаад байгаа аж. Үүний улмаас сумын МЭҮТ нь үйл ажиллагаа явуулахад санхүүгийн боломж муу, боловсон хүчин дутмаг байгаагаас үйлчилгээний чанарт муугаар нөлөөлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үед мал сүргээ бүрэн хамруулж чадахгүй байна.
Тиймээс мал эмнэлгийн үйлчилгээг санхүү бодлогын хувьд дэмжиж сайжруулах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Дээрх хөтөлбөрийг баталснаар мал эмнэлгийн материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжилтний хүрэлцээ, хангамжийг сайжруулах, дуудлага үйлчилгээний шуурхай байдлыг хангах, оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах зэрэг олон үр дүнд хүрнэ хэмээн үзэж байна. Хөтөлбөр долоон зорилтын хүрээнд арга хэмжээнүүдийг дэвшүүлэн 2020 он хүртэл хэрэгжинэ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ