В.Янукович-д засгийн эрхийг булаан авахыг завдсан хэргээр ял тулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-06 14:04:28
КИЕВ./TASS/. Украины Ерөнхий прокурорын газар 2010 оны Үндсэн хуулийн эргэлтийн хэрэгт мөрдөн шалгалт явуулж байгаа ба уг хэргээр ерөнхийлөгч асан Виктор Янукович-д ял тулгажээ. Энэ тухай лхагва гарагт Украины Ерөнхий прокурор Юрий Луценко Facebook хуудсандаа мэдэгджээ.

“Цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Украин улсын Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар төрийн эрхийг булаан авах хэрэгт ерөнхийлөгч асан В.Янукович, Хууль зүйн сайд асан А.Лавринович нарыг сэжигтнээр татсан болохыг тэдэнд мэдэгдсэн” хэмээн Луценко өөрийн хуудсандаа бичжээ.

“Парламент, Засгийн газрын эрх мэдэл, үүргийг хумих замаар Украины ерөнхийлөгчийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар нэмэгдүүлж, төрийн эрхийг булаан авахад хүргэсэн 2010 оны үндсэн хуулийн төрийн эргэлтийн хэргийг Украины Ерөнхий прокурорын газрын тусгай хэлтэс мөрдөн шалгаж байгаа” гэж тэрбээр онцлон дурджээ. Мөрдөн шалгалтын дүнгээр үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хууль бус байсан байна. 

2014 онд Украинд төрийн эргэлт гарсны дараа В.Янукович-д хэд хэдэн ял тулгасан ба тэдгээр хэргүүдийн нэг нь болох төрөөс урвасан хэргийг одоо шүүхээр авч хэлэлцэж байгаа юм.
О.Барс 
Холбоотой мэдээ