Жуулчдын аюулгүй байдалд анхаарал хандуулсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-06 10:49:00

МОСКВА. /Sputnik/. Синайн хойгт Египетээс ниссэн Оросын зорчигч тээврийн онгоц осолдсон билээ. Тэгвэл бүх онгоцны буудал, амралтын газарт жуулчны аюулгүй байдалд анхаарч, хяналтыг чангатгасан гэж Каираас Москвад мэдэгдсэн тухай Оросын Холбооны аялал жуулчлалын агентлагаас мэдээллээ.

“Airbus A321” нисэх онгоцны ослын дараа нислэгийн аюулгүй байдлын хяналтаа чангатгахыг Оросоос Египетэд санал болгосон гэж тус улсын Тээврийн сайд Максим Соколов мэдэгдсэн юм.

Шарм-эль-Шейхийн онгоцны буудлаар зогсохгүй бүх амралтын газарт жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулсан гэж Холбооны аялал жуулчлалын агентлагийн хурлын үеэр Египетийн Элчин сайд мэдэгдсэн байна.

“Египет бол Оросын стратегийн чухал түнш учраас элчин сайдын уг мэдэгдэл их чухал. Оросын жуулчдын ихэнх нь Египет рүү аяладаг” гэж Холбооны аялал жуулчлалын агентлагийн дарга Олег Сафонов хэлжээ.

2015 оны эхний 9 сард Оросын 2 сая гаруй жуулчид Египетийг зорьсон байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ